Эрсдэлт бүлгийн дунд сүрьеэг эрт илрүүлэх дэвшилтэт технологийг өргөн ашиглана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг "Улс орны манлайлал, иргэдийн оролцоотойгоор сүрьеэг устгаж чадна” уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
Сүрьеэг бүрэн зөв эмчилбэл эдгэдэг боловч халдварт өвчнөөс
үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. Хэдийгээр энэ
өвчнөөр нас барах нь бага зэрэг багассан ч тархалт нь дэлхий нийтэд буурахгүй байгаа. Иймд Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрөөр уг өвчний тухай мэдлэг, мэдээлэл өгөх,
урьдчилан сэргийлэх, эмчилгээний ач холбогдлыг сануулж, улс орнуудын хамтын
ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хүчин чармайлт, иргэдийн оролцоо чухлыг онцолдог
билээ.
Дэлхий дахинд 2024 онд 10.7 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.23 сая хүн нас барсан бол манай улсад өнгөрсөн онд 2851 хүн энэ өвчнөөр оношлогдож, 182 нь нас баржээ.
Сүрьеэгийн 10 мянган хүн ам дахь шинээр
бүртгэгдсэн тохиолдол манай улсын хэмжээнд 6, нийслэлд 6.7, аймгийн түвшинд 5
байна. Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймагт сүрьеэгийн өвчлөл их
байна.
ДЭМБ-ын сүүлийн тайланд
дурдсанаар, дэлхий дахинд 2000 оноос хойш 83 сая хүнийг сүрьеэ өвчнөөр нас
барахаас аварсан бол 2024 онд 390 мянга орчим хүн олон эмд тэсвэртэй
сүрьеэгээр өвчилжээ. Эмд тэсвэртэй сүрьеэ үүсэх шалтгаан нь дутуу эмчлэх, эмийг
тогтмол бус хэрэглэх, хяналтгүй эмчилгээтэй холбоотой тул эмчийн зааврыг ягштал
мөрдөх, эмчилгээг тасралтгүй бүрэн хийж өөрийгөө болон бусдыг хамгаалах нь
чухал байгаа юм.
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд ихэвчлэн уушгийг, цаашлаад цус, тунгалгийн замаар тархаж тархи, яс, бөөр зэрэг эрхтнийг гэмтээдэг.
Агаараар дамжин халдварладаг тул ханиах, найтаах үед халдвар тархаж, олон хүнтэй, агаар муутай орчинд халдвар дамжих эрсдэл ихэсдэг.
Иймээс хоёр долоо хоногоос дээш хугацаанд ханиалгах, цустай цэр гарах, цээжээр өвдөх, халуурах, шөнө хөлрөх, хоолны дуршилгүй болох, шалтгаангүй турах, ядарч сульдах шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж, үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Энэ өвчний үед дархлаа сулран, биеийн эд эс нөхөн төлжих нь удааширдаг тул амин дэмээр баялаг хоол хүнс чухал үүрэгтэй. С амин дэмээр баялаг жимс, ногоо нь дархлааг дэмжиж, үрэвслийг багасгадаг бол А аминдэм нь уушгины салстыг хамгаалж, түргэн эдгэхэд тусална. Харин Е амин дэм нь эсийг гэмтлээс хамгаалж, биеийн эсэргүүцэх чадварыг нэмдэг учир эдгээр амин дэмийг тэнцвэртэй, уураг илчлэгээр баялаг хоолтой хослуулан хэрэглэх нь сүрьеэ өвчнийг эдгээх чухал нөхцөл болдог байна.
“Манай улсад сүрьеэгийн өвчлөл, нас баралт нийгмийн эмзэг
бүлгийн дунд илүү тархаж буй
нь нийгмийн хамгаалал, халамж, тусламж үйлчилгээний хэрэгцээ ихийг харуулж байгааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэвлэлийн хурлын үеэр дурдаад, “Эрүүл мэндийн бүх
шатны байгууллагад сүрьеэг заавал бүртгэх, мэдээлэх тогтолцоог нэвтрүүлж,
эмчилгээг шуурхай эхлүүлэх, эрүүл мэндийн ажилтны чадавхыг дээшлүүлэх, эрсдэлт
бүлгийн дунд сүрьеэг эрт илрүүлэх, хиймэл оюунд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны дэвшилтэт технологиор
өргөжүүлэх, ЭМД-ын санхүүжилтийн механизмтай уялдуулахыг зорьж байна. Ингэснээр
сүрьеэгийн халдварын тархалт, нас
баралтыг багасгах ач
холбогдолтой” хэмээв.
Манай улсын эрүүл
мэндийн 78 байгууллагад молекул
биологийн шинжилгээний арга, хиймэл оюун бүхий зөөврийн, дижитал рентген шинжилгээг сүрьеэгийн
оношилгоо, илрүүлэгт, мөн цусанд
сүрьеэгийн халдвар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ болон нийслэлийн 6 дүүрэгт ашигладаг. Түүнчлэн дэлхий дахинд гарч буй, сүрьеэгийн
шинэ эм, эмчилгээний горимыг цаг алдалгүй нэвтрүүлж, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ
хоёр жил үргэлжилдэг байсныг 6-12 сар болгон хугацааг нь богиносгожээ.
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрөөр ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон БЗХӨ-ний
газрын захирал Тереза Касаева тэргүүтэй ДЭМБ-ын баг манай улсад айлчилж байна.
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн
бодлого, ДЭМБ-ын “Сүрьеэг
устгах стратеги”-2035, НҮБ-ын “Сүрьеэг устгах” улс төрийн тунхаг зэрэг олон улс, үндэсний үзэл баримтлалд нийцүүлэн “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх,
хянах арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)-г өнгөрсөн онд баталсан билээ.