Дэлхийн театрын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр театрын эх орон Францын Парис хотноо алдарт Сара
Бернарын театрт 1961 онд дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын
зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгийг тоглож, өвөрмөц
сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогчид “Эв нэгдэл, харилцан ойлголцол,
энх тайван” уриан дор нэгдэж, тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний
баяр болгохоор шийдвэрлэжээ.
Улмаар 1962 онд гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тунхагласнаас хойш энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд театрын уран бүтээлчид, театрын үнэнч үзэгчид ёслон тэмдэглэж ирсэн байна. Хүн төрөлхтөн соёл иргэншилтэй болсон цагаас эхлэн урлаг ч мөн үүссэн гэж үздэг. Дэлхий дээр анхдагч цөөн тооны сонгодог урлаг бий. Эртний Грек, Ромд анх үүссэн театрын урлаг өдгөө олон зуун жилийг өртөөлөн туулж өнөөдөр ч эрч хүчээ алдаагүй олон улсад илүү шинэ түвшинд, илүү өвөрмөцөөр амьдарсаар байна.
“Театр бол ариун сүм” гэж ярьдагчлан, энэ өдөр дэлхийн урлагийн сүм бүхэн тоглолтоороо бэлэг барьдаг. Театрын тайзан дээр амилдаг хүчирхэг дүрүүдийг бүтээсэн жүжигчид, найруулагч, жүжгийн зохиолч, театрын үйл ажиллагаанд олон талаар хувь нэмрээ оруулсаар ирсэн театрын хүчин зүтгэлтнүүдийн баярын өдөр тохиож байна.
Монгол Улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болж, тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан зохион байгуулж, уран бүтээлчид тайлангаа тавьдаг, хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц гэгээлэг баяр болсон билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан УДЭТ болон ҮУИТ мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын хувьд театрын баярыг хамтран зохион байгуулах гэж байна. Тус баярт 21 аймгийн театр, чуулга, хувийн театрууд болон урлагийн салбарын уран бүтээлчид оролцоно.
Баярын үеэр зохион байгуулах “Театрын сургуулилалт” тоглолтоор эртний Грекийн Хомероос эхлээд дэлхийн яруу найргийн бүх үеийг төлөөлөх 30 гаруй яруу найрагчийн бүтээлээс дээжлэн толилуулах юм. Мөн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын найруулагч, ОХУ-ын Театрын урлагийн дээд сургууль /ГИТИС/-ийн төгсөгч Э.Билгүүн ажиллаж байна.
Түүнчлэн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно.