Байгаль хамгаалал, бэлчээрийн бодлогыг тогтвортой санхүүжилттэй уялдуулах хамтын ажиллагааг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-03-27 15:14:27

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын байгалийн өв сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Энэхүү хамтын ажиллагаа нь байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг уялдуулан хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой.


Санамж бичгийн хүрээнд талууд байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хамтран хэрэгжүүлнэ. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үнэ цэнийг эдийн засгийн үр өгөөжтэй уялдуулан тодорхойлох, бэлчээрийн даац, нүүрстөрөгчийн шингээлт, үйлчилгээний үнэлгээнд суурилсан менежментийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх, малчны ногоон шилжилтийн санхүүжилтийн загварыг туршилтаар хэрэгжүүлэх, үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог нэвтрүүлэх, туршилтын эрүүл бүс байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагаа нь байгаль хамгаалал, бэлчээрийн мал аж ахуй, уур амьсгалын бодлогын уялдааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.


БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ярихдаа, “Монгол орны газар нутгийн 80 хувийг бэлчээрийнх гэж тооцдог. Гэвч манай улс цөлжилтөд өртөмтгий, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байгалийн тогтоцтой. Энэ хүндрэл, сорилтыг давах туулахын тулд малчдын амьдрах нөхцөл боломжийг сайжруулахад олон улсын болон төсөл хөтөлбөрийн байгууллагууд яам, агентлаг, орон нутгийн иргэд, малчид, тариаланчидтай үр бүтээлтэйгээр хамтран ажиллах ёстой. Үүн дээр зөв хяналт, төлөвлөгөө гаргах нь чухал. Тиймээс энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж байна” гэлээ.


Харин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, “Хамгийн гол нь малчдадаа орчин үеийн дэвшилтэт технологи, ногоон хөгжил, инновац нэвтрүүлэх талаар илүү мэдлэг мэдээлэл олгоход манай яамнаас энэ төслийг дэмжлэг үзүүлэх юм. Яагаад гэвэл малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөхийн тулд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж, бага зардлаар тав тухтай амьдрах боломж хөдөөд бүрдэх шаардлагатай байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй байдлаар амьдрах нь чухал. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд олон жил амьдарсан иргэдийн малын тоо толгойг өсөхөөс сэргийлэх, өөрсдөө тав тухтай амьдрах бодлогыг дэвшүүлэх ёстой. Тиймээс бүх талаар дэмжиж ажиллана, яамнаас тодорхой хэмжээний санхүүжилт гаргана” хэмээн ярилаа.


Тэгвэл Монголын байгалийн өв сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болд, “Байгаль хамгаалах зорилготой итгэлцлийн санг байгуулаад хоёр жил болж байна. Энэ сан Засгийн газартай Монголын байгаль орчныг хамгаалах салбарыг байнгын санхүүжилттэй болгох тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулаад хоёр жил болсон. Харин өнөөдрийн санамж бичиг бол мал аж ахуйг байгаль орчинд ээлтэй хөгжүүлэхдээ орчин үеийн судалгаа, шинжилгээ, гадаад, дотоодын санхүүжилтийг татаж оролцуулах, малчдад ногоон зээлийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах системтэй нь хамт нэвтрүүлэх, малчдын зээлийг нийлүүлэлтийн сүлжээтэй холбох, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтрах ажлыг эхлүүлэх зорилготой юм” хэмээн ярив.


Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал болох UNCCD COP17-ыг зохион байгуулахтай холбогдуулан энэхүү хамтын ажиллагаа нь бэлчээрийн экосистем, газрын доройтлыг бууруулах чиглэлд бодлогын уялдааг хангах, олон улсын түвшинд манлайлал үзүүлэх ач холбогдолтой юм.





相关新闻