Д.Гүндэгмаа: Таван сумаас 50 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-03-28 09:43:32

Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго дор явуулж буй энэхүү үйл ажиллагааны нэгдүгээр шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцох бөгөөд 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас хамрагдах юм.

 

Сэлэнгэ аймгийн тухайд хэрхэн оролцох талаар аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Гүндэгмаагаас тодрууллаа.

-Энэхүү Зөвлөлдөх санал асуулгын 1-р шатны судалгаанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Баянгол, Мандал, Сайхан, Сүхбаатар сумаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 50 иргэн эхний санал асуулгад оролцож саналаа өгнө.

 

Зөвлөлдөх санал асуулгын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг энэ хуулийн 11.5-д заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгон авна” гэж заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн авч, уг жагсаалтад үндэслэн санал асуулгад хамрагдах иргэдийг сонгоно. Эдгээр хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгож байгаагаараа онцлогтой юм. Ингэж сонгогдсон дээрх 50 иргэнээс авах 1-р шатны судалгааг манай хэлтсээс очиж, асуумжаар авна. 2 дахь шатны зөвлөлдөх уулзалт 4-р сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Энд эхний шатны санал асуулгад хамрагдсан иргэдийн 50-иас доошгүй хувийг бас санамсаргүйгээр сонгох юм гэлээ.

 

Санал асуулга 2026 оны 4-р сарын 3-ныг дуустал 7 хоног үргэлжилнэ. Дараагийн үе шатыг Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд  дөрөвдүгээр сарын 11-12-нд зохион байгуулна.

相关新闻