Ц.Наран-Эрдэнэ: Зүрхний хэм алдалт оношилгооны лабораторийг ирэх онд байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) 2021 оноос ангиографийн аппарат ашиглан судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагтаа амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Тус төв нь Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр ангиографийн аппаратаар хангагдсан нь энэ төрлийн нарийн мэргэжлийн тусламжийг орон нутагт хөгжүүлэх үндэс болсон юм. Өнгөрсөн хугацаанд уг үйлчилгээг тогтвортой хөгжүүлсний үр дүнд 1600 гаруй иргэнд, тэр дундаа Хойд бүсийн оршин суугчдад оношилгоо, эмчилгээ хийж хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Энэ талаар Орхон аймгийн БОЭТ-ийн дарга, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний их эмч Ц.Наран-Эрдэнэтэй Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан цөөн хором ярилцлаа.
-БОЭТ-ийн үйл ажиллагааны сүүлийн үеийн мэдээллээс танилцуулна уу?
-Орхон аймгийн БОЭТ өнөөдрийн байдлаар 518 эмч, сувилагч, асрагч зэрэг нийт ажилтантайгаар 50 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил манай хамт олны хувьд онцгой жил болж байна. Учир нь Эрдэнэт хотын 50 жилийн ой, мөн манай эмнэлгийн 50 жилийн ой давхар тохиож байгаа юм. Манай эмнэлэг 1976 онд дүнзэн байшинд ердөө гурван эмчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Харин өнөөдөр энэ хугацаанд ажиллаж байсан олон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ дүн, судалгааг нэгтгэн гаргах ажлыг хийж байна.
Удахгүй энэ 50 жилийн хугацаанд хэчнээн эмч манай эмнэлэгт ажилласан гэх эцсийн тоо баримт тодорхой болох юм. Одоогоор БОЭТ 435 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж, жилд 200 мянга гаруй иргэнд үйлчилж байна. Хөрш зэргэлдээ Хойд бүсийн Булган, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгийн иргэд ч манай эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол авч байна. Мөн ангиографийн аппаратыг ашиглан 1600 гаруй иргэнд хагалгаа хийж, уг тусламжийг орон нутагт амжилттай нутагшуулан ажиллаж байна.

Тархины цус харвалт, зүрхний хурц ишеми өвчин буюу шигдээс, титэм судасны гажиг, захын судасны хүндрэл болон төрөл бүрийн хавдрын хүндрэлүүдийн үед өвчтөнүүдийг цус алдалтаас сэргийлж Улаанбаатар хот руу явуулдаг байсан.
Бид жилд ойролцоогоор 2 500 иргэнийг Улаанбаатар хот руу явуулдаг байсан бөгөөд үүний 80 орчим хувь нь зөвхөн ангиографийн оношилгоо, эмчилгээтэй холбоотой байсан. Ангиографийн аппаратыг зөвхөн зүрхэнд ашигладаг гэж ойлгох нь буруу. Судас байгаа бүх хэсэгт энэ аппаратаар судсан дотуурх мэс засал, оношилгоо хийх бүрэн боломжтой.
Судсан дотуурх оношилгоо, эмчилгээ нь олон давуу талтай. Өмнө нь зүрхний ишеми буюу шигдээсийн үед цээжний хөндийг бүрэн нээж зүрхэнд хиймэл судас залгах мэс засал хийдэг байсан бол орчин үеийн анагаах ухаанд судсан дотуурх мэс заслын арга нь нэг том дэвшилтэт арга юм. Энэ мэс засал нь өвдөлт багатай, том шарх үлдээдэггүй, судсан дотуур ариун нөхцөлд явагддаг онцлогтой. Мөн өвчтөний эдгэх явц нь хурдан тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь бараг 100 хувиар сэргэдэг давуу талтай.
Одоогийн байдлаар иргэдийн төлөх төлбөр нь насны бүлэг болон хөдөлмөрийн чадвар алдалтаас хамааран харилцан адилгүй байна. Тухайлбал, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эх, тэтгэврийн ахмадууд энэхүү эмчилгээ, оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Харин хөдөлмөрийн насны иргэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагддаг тул даатгалаар тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлж, үлдсэн төлбөрийг өөрсдөө төлдөг.
-Энэ хагалгаанд нэг хүнд ногдох эмчилгээний өртөг хэд вэ? Мөн хагалгаанд хэдэн эмч ордог вэ?

-Орхон аймгийн хэмжээнд зонхилон тохиолдож буй өвчлөлүүдийн талаар мэдээлэл өгнө үү?
-Манай аймаг онцлогтой. Өндөрлөг газар байрлаж, үйлдвэр дагасан хот учраас иргэдийн дунд өвчлөл ихтэй байх хандлага дэлхийн аль ч улсад байдаг. Орхон аймгийн хувьд зүрх судасны өвчлөл, ялангуяа зүрхний хэм алдалтын асуудал эрс залуужиж байгаа нь анхаарал татаж байна. Мөн хортой болон хоргүй хавдрууд нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр өвчлөлүүд амьдралын хэв маягтай холбоотойгоор эрс нэмэгдсэн нь иргэдийн эрүүл мэндэд илүү анхаарал шаардлагатай байгааг харуулж байна.
БОЭТ өдөрт 4 хүлээн авах хэсэг, яаралтай тусламжаараа 160-200 гаруй иргэнд үйлчилж байна. Жилд 200 мянга орчим иргэн эмнэлэгт ханддаг. Нэг иргэнийг эмч 15 минутад үздэг гэж тооцвол, нэг эмч өдөрт ойролцоогоор 32 хүн үзэх ёстой бөгөөд үзлэг, оношилгоо, эргэх холбоог нарийн зохион байгуулж хийх шаардлагатай болдог. Иймд жилээс жилд эмч нарын ачаалал нэмэгдсээр байна. Гэхдээ бид энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн учраас хүн бүрд хүрч, чанартай үйлчилгээ үзүүлэхээр зорин ажиллаж байна. Ойрын төлөвлөгөөнд зүрхний хэм алдалтыг эмчлэх Зүрхний хэм алдалтын лабораторийг 2027 онд байгуулах, мөн 2030 он гэхэд бөөр шилжүүлэн суулгах үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа