Орхон аймагт 100 хүн тутамд 55 тэжээлгэгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-29 16:53:23
oyuka_hu@yahoo.com

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-өөр Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл” “Эрдэнэт хүний хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

Эл хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлага болон багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, докторууд оролцсон юм.  Хэлэлцүүлэгт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, Хүний хөгжлийн судлаач Ц.Амартүвшин илтгэл тавьлаа. Түүний илтгэлд дурдсанаар, “2014 оны Хүний хөгжлийн индексээр Монгол Улс 188 орноос 90-д жагссан байна. Хөгжлийн гол зорилго нь хүмүүсийн урт удаан, эрүүл саруул, бүтээлч байдлаар аж төрөх орчин, боломж бололцоог бий болгоход оршдог юм. Иймд орон нутгийн Хөгжлийн бодлогод, хүний сонголтыг өргөжүүлэхийн тулд чадавхийг бий болгож, сайжруулахад  чиглэгдсэн байх ёстойг онцоллоо.

Уг илтгэлийн дараа “Эрдэмтдийн зөвлөл”-ийн тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн Техникийн хэлтсийн Тэргүүлэх эрчим зүйч, доктор Ph.D Г.Энхбаяр “Эрдэнэт хүний хөгжил” сэдвийн хүрээнд хийсэн судалгаагаа танилцууллаа. Орхон аймагт хүн ам зүйн ачаалал 55.3 хувь буюу 100 хүн тутамд 55 тэжээлгэгч байна.  Аймгийн давуу тал нь түүхий эдийн нөөц их, уул уурхайн салбарын хөгжил өндөр, Хангайн бүсийн тулгуур төв болохын зэрэгцээ дэд бүтэц сайн хөгжсөн. Харин сул тал нь газар нутаг багатай, ур чадвартай ажиллах хүч бага, эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг, шинжлэх ухааны хөгжил бага байна. Түүнчлэн Хүний хөгжил мэргэжил сонголт маш чухал байдаг. Иймд боловсролын байгууллагад хийсэн судалгаагаар, 2016 оны нийт төгсөгчдийн 82 хувь нь Улаанбаатар, 9 хувь нь Эрдэнэтэд, 6 хувь нь бусад аймаг буюу Дархан-Уул, Архангай, Ховд, Дорнговь аймаг, 3 хувь нь гадаад оронд сурч байна.

Харин хөдөлмөрийн насны 65767 иргэний 37035 нь хөдөлмөр эрхэлж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК ажилчдаа хортой нөхцөлөөр эрт тэтгэвэрт гаргаж байгаа нь Хүний хөгжилд тодорхой хувиар нөлөөлж байгааг онцоллоо. Харин цаашид манай аймагт уул уурхай, барилга, тээвэр, хүнд үйлдвэрлэл болон хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт боловсон хүчин дутагдах бол Нийгмийн ухаан, сурган хүмүүжүүлэх, соёл, спортын салбарт илүүдэд үүсэх магадлалтай байна. Иймд Орхон аймаг “хүнээ хөгжүүлэхдээ иргэний төлөвшил, зөв мэргэжил, чанартай боловсрол, эрүүл, орлоготой амьдрах үндэс”-ийг хангах нь чухал гэж Г.Энхбаяр илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻