“Татьяна” жүжгийн төслийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. А.С.Пушкины “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийн уран бүтээлийн төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Тус төслийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Хоц Намсараевын нэрэмжит Буриадын академик драмын театрын 2026 оны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх юм. УДЭТ-ын мэдээлснээр, хамтарсан бүтээлийн нээлтийг энэ оны зургаадугаар сард ОХУ-ын Буриад улсын Хоц Намсараевын нэрэмжит Буриадын академик драмын театрын тайзнаа толилуулахаар төлөвлөжээ.
“Татьяна” жүжгийн гол дүрүүдэд Евгений дүрийг жүжигчин Т.Сэргэлэн /СТА/, Татьянагийн дүрийг жүжигчин Б.Золзаяа /СТА/ нар бүтээхээр болж, уран бүтээлчдийн бүрэлдэхүүн ийнхүү баталгаажсан байна. Мөн тус баг дөрөвдүгээр сарын 3-нд ОХУ-ыг зорихоор бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.
Монгол, Буриадын
театрын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх энэхүү төсөл нь сонгодог
зохиолыг орчин үеийн тайзны хэлээр шинэчлэн хүргэх онцгой ач холбогдолтой юм.