ОРХОН: Зөвлөлдөх санал асуулгын явц 100 хувьд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, зөв хуваарилах, зохистой зарцуулах зорилгоор “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг Засгийн газраас орон даяар зохион байгуулж байна.
Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолын дагуу Орхон аймгийн хэмжээнд Зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 3-ныг хүртэл Баян-Өндөр сумын Хүрэнбулаг, Бүрэнбүст, Говил, Уртын гол, Баян-Овоот багт аймгийн Статистикийн хэлтсээс зохион байгуулж, нийт 50 иргэнээс эхний шатны мэдээллийг цуглуулж дууслаа.
Аймгийн хэмжээнд Баян-Өндөр сумын 5 багийн 20-80 насны 50 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулж буйгаас 20-34 насны иргэн 26.0 хувийг, 35-64 насны иргэн 54.0 хувийг, 65 ба түүнээс дээш насны иргэн 20 хувийг эзэлж байна.
Зөвлөлдөх санал асуулгын явц өнөөдрийн байдлаар 100 хувьтай байгаа бөгөөд санал асуулгад оролцсон 50 хүний 25 нь Улаанбаатар хотод болох хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулгад оролцоно.