Монголын үзэгчид дэлхийн түвшний мюзиклийг эх хэлээрээ үзэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын хүүхэд залуучуудын театр дэлхийн алдарт “Addams Family” буюу “Аддамсын гэр бүл” мюзиклийг албан ёсны эрхтэйгээр тайзнаа тавьсан нь Монголын театрын салбарын хувьд томоохон дэвшил төдийгүй хүүхдийн соёлын боловсролыг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Албан ёсны эрхтэй бүтээл нь орчуулга, дуу хөгжим, тайзны дизайн, найруулга зэрэг бүх түвшинд өндөр шаардлага тавьдаг тул уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх сургалт, туршлага болохоос гадна олон улсын фестиваль, хамтын ажиллагаанд оролцох шинэ боломж нээгдэх давуу талтай. “Addams Family” нь Broadway (АНУ) болон West End (Англи), Токио, Сидней, Берлинд тоглогдсон олон улсад танигдсан бүтээл. Ази болон Европын томоохон хотуудад мюзикл тоглолтууд амьд хөгжимтэйгээр явагддаг нь үзэгчдийн соёлын боловсролыг хөгжүүлж, театрын мэргэжлийн түвшинг ахиулдаг онцлогтой. Мюзиклын хамгийн өндөр түвшний стандарт нь амьд хөгжимтэй тоглох явдал. Жүжигчид дуу, бүжиг, жүжиглэлтээ хөгжимчидтэй хамт нэгэн зэрэг төгс гүйцэтгэнэ. Энэ нь бодит мэдрэмж төрүүлж, жүжигчдийн ур чадварыг сорих гол шалгуур бөгөөд үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл үлдээдэг.
Жүжгийн үйл явдал Addams-ийн охин Wednesday энгийн, “хэвийн” нэг залууд дурлаж, түүнтэй гэрлэхийг хүссэнээр эхэлдэг уг мюзикл хоёр гэр бүлийн уулзалтаар өрнөж, ойлголцлын зөрүүтэй байдал хосуудын зөрчил болно. “Хэвийн” хүмүүсийн хамгийн том айдас бол олон нийтийн өмнө гэнэт “хэвийн бус” мэт харагдах, этгээд гэж нэрлэгдэх эсвэл цуурхлын бай болох. Гэвч бусдын нүдэнд хэр этгээд харагдах нь чухал биш, харин хайрлаж чаддаг, өөртөө болон ойр дотнын хүмүүстээ үнэнч байх нь хамгийн чухал. Эцэстээ маргааныг хэрхэн даван туулж байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл, “Addams Family” мюзикл нь нийгмийн хэвшмэл ойлголтыг эвдсэн, хайрыг өгүүлэх өвөрмөц бүтээл бөгөөд үүгээрээ дэлхийн олон орны үзэгчдийн анхаарлыг татаж чадсан юм.
Улсын хүүхэд залуучуудын театр нь 2024 онд 850 хүний суудалтай, олон улсын стандарттайгаар шинээр нээлтээ хийсэн. Тус театр 2026 онд зөвхөн хүүхдийн жүжиг бус, мюзикл, сонгодог, орчин үеийн бүтээлүүдийг багтаасан олон талт бодлого хэрэгжүүлэн урын сангаа олон улсын жишигт нийцүүлж, уран бүтээлийн чанар, төрөл зүйлийг өргөжүүлснээр Монголын театрын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх томоохон алхам болсон байна.
Үзэгчдийн алга ташилт, хөгжмийн аясаар жүжигчдийн бүжигтэй хослон тасралтгүй үргэлжилнэ. Жүжгийн үйл явдлын нарийн ёжлолыг гайхалтайгаар илэрхийлж чадсан авьяаслаг, хүчирхэг хоолойт жүжигчид, амьд хөгжимчид, бүжиг тайзны засал бүгд үзэгчдийн сэтгэлийг ийнхүү хөдөлгөжээ.
Инээдмийн баярыг тохиолдуулан дөрөвдүгээр
сарын 1-нд ганцхан удаа
тоглосон мюзиклын уран бүтээлчдийн багт:
Уран сайхны удирдагч: Ардын багш, УГЗ, профессор
Н.Ганхуяг
Ерөнхий продюсер, Ерөнхий найруулагч: МУГЖ.Н.Ариунболд
Гол дүрүүдэд:
Гомез - А.Ганзориг, СТА
Мортисиа- Х.Азбуян, СТА
Уэнсдэй - Ц.Болорцэцэг
Пагслей - Э.Болорцэцэг
Лукас - О.Энхбилэг
Дүрүүдэд:
Мэл - Г.Эрдэнэбат, СТА
Алис - Р.Янжиндулам, СТА
Эмээ - Д.Оюунтуул, СТА
Фэстэр - Б.Батдэмбэрэл
Ларч - П.Анхбаяр нар багтжээ.
Тэд тайзнаа мэхийн ёслоод хэдхэн хоногийн өмнө болсон Соёл урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2025” ёслолын арга хэмжээнээс “Шилдэг продюсер”-оор шалгарсан Намсрайжавын Ариунболд, “Шилдэг бүжиг дэглээч”-ээр шалгарсан Оюунбилэгийн Хэрлэнбаярт давхар баяр хүргэн амжилт хүслээ.



