СЭЛЭНГЭ: Ханш нээх өдөр нь байгальтай харилцах гүн ухаан, шүтэн барилдлагын илэрхийлэл юм

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-05 19:11:09

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Ханш нээх өдөр бол зөвхөн улирал солигдох цаг үеийг илтгэхээс гадна монголчуудын байгаль дэлхийтэйгээ харилцах гүн ухаан, шүтэн барилдлагын илэрхийлэл юм. Сэлэнгэ аймагт энэхүү уламжлалыг хадгалан, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг.

 

Жил бүрийн "Ханш нээх" өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байрлах “Ээж мод”-нд сүсэгтэн олон, зорин ирэх иргэд, жуулчдад зориулан "Сэлэнгэ шүтээн" үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

 

Өнөөдөр энэхүү үйл ажиллагааны хүрээнд уламжлалт идээ ундаа, гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн, түргэн хоолны үйлчилгээ, соёлын боловсролын хөтөлбөр, язгуур урлагийн тоглолт, "Тахилга тайлгын газар-Ээж мод" хэлэлцүүлэг, галын тахилга, бөөгийн музейн шав тавих ёслол боллоо.

 

Ханш нээх ёсны утга учир нь монголчуудын уламжлалт цаг тооллын чухал өдөр бөгөөд хаврын улирал бүрэн утгаараа эхэлж, газрын хөрс гэсэж, ургамал ногоо соёолж эхлэх цаг үеийг бэлгэддэг. Энэ өдрөөс эхлэн газар дэлхий “амь орж”, мал сүрэг төллөх, хүн ардын ажил үйлс идэвхжихийн дохио гэж үздэг байна.

 

Мөн эл өдөр уул ус, мод ургамалд сүү, цагаан идээ өргөж, байгаль дэлхийгээ аргадан тайтгаруулах нь жилийн туршид элбэг дэлбэг, амар тайван байхыг бэлгэддэг гүн утгатай зан үйл юм. Монголчууд “ханш нээх”-ийг хийморь сэргээх, муу бүхнээс ангижрах, шинэ эхлэлийг бэлгэдэх өдөр хэмээн дээдэлж иржээ.

 

Сэлэнгэ аймагт энэхүү ёслолыг Ээж модонд төвлөрүүлэн зохион байгуулдаг нь иргэдийн байгальтайгаа ойр байх, уламжлалт зан заншлаа хадгалан хамгаалах чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн энэ нь аялал жуулчлалын нэгэн сонирхолтой хэлбэр болон хөгжих боломжтой соёлын өвд тооцогдож байгаа юм.

 

Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, зөвхөн Сэлэнгийнхэн төдийгүй бусад аймаг, орон нутгаас ирэх зочдын урсгал ч нэмэгдэж буй нь “ханш нээх” ёслолын нийгэм, соёлын үнэ цэнийг улам тодотгож байна.