ГОВЬ-АЛТАЙ: Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-07 08:25:09

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Дэлхийн Зөн Монгол” ТББ АНУ-ын Засгийн газар, FHI 360 байгууллагатай хамтран “EpiC II” төслийн хоёрдугаар үе шатыг Говь-Алтай аймагт хэрэгжүүлж эхэллээ.


Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “Дэлхийн Зөн Монгол” ТББ-ын төлөөлөл Говь-Алтай аймагт ажиллан орон нутгийн удирдлага, холбогдох албаныхантай уулзаж төслөө танилцуулсан юм. 


"Дэлхийн Зөн Монгол" ТББ нь 1993 оноос хойш Монгол Улсад, тэр дундаа Говь-Алтай аймагт хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж иржээ. Өнгөрсөн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, амьжиргааг дэмжих, хүүхэд хөгжил, хамгаалал, ус, ариун цэвэр, эрүүл ахуй болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн нийт 40 гаруй урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, 50 гаруй богино хугацааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн тухай онцлон танилцуулав. 


Тус байгууллага хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөөх алсын харааныхаа дагуу хот, хөдөө орон нутагт иргэд, хүүхдүүдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах, хүүхдийн сайн сайхан байдалд учирч буй сөрөг нөлөөллүүдийг бууруулахын төлөө орон нутгийн иргэд, засаг захиргаатай хамтран ажилладаг аж. Энэ нь иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийг хамгаалах, малчид, малчдын хүүхдүүд, тэдний ирээдүйд оруулах чухал хөрөнгө оруулалт юм гэдгийг тэмдэглэн хэлж байлаа. 



Энэ удаад АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр FHI 360 байгууллагатай хамтран "Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх ЕріС II" төслийг хэрэгжүүлж эхэллээ.


Уг төсөл нь халдварт болон зоонозын өвчний эрсдэлийг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулах зорилготой юм. 


Төсөл 2026 оны гуравдугаар сарын 2-ноос есдүгээр сарын 30-ны хооронд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Хөвсгөл, Орхон, Булган аймаг болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 


Төслийн хэрэгжилтийн бүхий л үе шатад иргэд, орон нутгийн захиргаа, холбогдох байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллаж, санал зөвлөмжийг сонсоно гэдгээ онцоллоо.

相关新闻