ГОВЬ-АЛТАЙ: Сурагчид дрон угсарч, технологийн ур чадвараа хөгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг мэдээллийн технологийн салбарыг дэмжих, хүүхэд, залуусын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хурдан кап–2026” тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим Алтай” хөтөлбөр нь IT мэргэжилтэн бэлтгэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн орон нутагтаа өөрсдөө дрон угсрах, үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд “Хурдан кап–2026” тэмцээнийг хоёр өдрийн турш зохион байгуулав.
Тэмцээнд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 150 гаруй хүүхэд оролцож дрон угсралт, илтгэл, цахим тоглоомын төрлөөр өрсөлдсөн юм.

“Цахим Алтай” хөтөлбөр хэрэгжсэнээр өсвөрийн “ХУРДАН” клубийг байгуулж дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суралцсан хүүхдүүд 2025 онд 1 алт, 3 мөнгө авч олон улсад амжилт гаргасан юм. Мөн тус хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн бүх сургууль дронтой болж, хүүхдүүд практик орчинд ажиллан өөрсдөө угсарч сурч эхэлжээ.
Хүүхдүүдийн цахим сонирхол нэмэгдэж, ирээдүйд технологийн салбарт өөрсдөө инновац хийх чадвартай болж төлөвшиж байна. Өсвөр үеийнхэн болоод ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтад бодит дэмжлэг болж байгааг багш, сурагчид онцоллоо.