ЦДБЭЧ-ын өвлийн тоглолтууд үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2016-11-30 11:44:16

  Байлдааны гавьяаны болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу Бүжгийн эрдмийн чуулга  84 дэх жилийнхээ өвөл цагийн нээлтийн тоглолтуудыг энэ сарын 11-нээс эхлэн үзэгч түмэндээ толилуулж байна.

Нээлтийн тоглолтоороо  Монголын залуучуудын холбооны "Цэргийн алдар" алтан медальт үндэсний найрал хөгжмийн албаны хамт олны "Ирж яваа цаг" уран бүтээлийн баг "Монгол бахархал-Монгол омогшил" сэдвээр  салхи хагалсан.  Дараа нь үндэсний найрал хөгжимчид  зөвхөн хөгжим тоглоод зогсохгүй өөрсдөө дуулж, хөөмийлж, аман хуур, нуман хуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдээр тоглож сноирхуулсан юм. Энэ тоглолтод үе үеийн хөгжимчдөө төлөөлөн МУГЖ Д.Галсантогтох лимбэний аялгуугаа өргөн барьсан юм. Найрал дууны албаны хамт олны "Эх орны дуулал" тоглолт нь яруу алдрын илэрхийлэл болов. Ийнхүү цэрэг, эх орны сэдэвт болон сонгодог уран бүтээлүүдийг гоцлол, хоёрол, гурвал, чуулга хэлбэрээр толилуулж,  гочлол дуучин МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Ч.Баярмаа, МУСТА Б.Батбаатар, Д.Бат-Орших, З.Ариубаясгалан нар  үзэгчдээс өндөр үнэлгээ авч байна. Бүжгийн албаны уран бүтээлчид цэргийн бүжиг, орчин үеийн бүжгийн шинэ уран бүтээл бүхий  "Бүжихүйн цэнгэл" нэртэй тоглолтоо хийлээ. Хөгжмийн зохиолч А.Болорхүүгийн "Өнгөрсөн-Одоо-Ирээдүй" зохиолоор нэрлэгдсэн Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын эстрад симфони найрал хөгжмийн албаны хамт олны тоглолтоор энэ удаагийн тоглолт өндөрлөх юм.   Ур чадвар авьяас билгийн охь болсон уран бүтээлчдийн уран бүтээлүүдийн албадын тоглолтуудын шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн найруулсан нэгдсэн гала тоглолтоор өвөл цагийн нээлтийн тоглолт дуусна.

Ж.Батсайхан

相关新闻