Туулын хурдны замын төслийг түр зогсоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-08 09:32:39

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” компанийн төлөөлөлтэй уулзжээ.


Уулзалтын эхэнд Ц.Сандаг-Очир сайд, “Төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх  нь яамны үүрэг. Иймд холбогдох хууль, тогтоомж, үнэлгээ, стандарт, шаардлагыг бүрэн хангаж ажиллах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, үйл ажиллагааг зөвхөн баталгаажсан судалгаа, тооцоонд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой” хэмээлээ.


Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, ойн сангийн хамгаалалттай холбоотой асуудлуудад анхаарах шаардлагатайг дурдаж, байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, баталсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавьсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүй үйл ажиллагаа эхлүүлсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудалд хуульд заасан хариуцлага тооцон ажиллаж байгааг мэдэгдсэн байна. Тус төсөл нь Туул голын дагуу нийт 32 км урт, зургаан эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан зэрэг дөрвөн дүүрэг, 15 хорооны нутаг дэвсгэр хамруулжээ.


Уулзалтын төгсгөлд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч буйгаа мэдэгдлээ. 


Үүнд:

-Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;

-Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавьсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгосон байна. 



相关新闻