СЭЛЭНГЭ: "Бордер" баг аваргын өмсгөл малгай гардан авлаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-08 11:57:20

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дөрвөн сар гаруйн хугацаанд олон залуусыг нэгтгэж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгсөн “Туж лиг-2025“ өндөрлөж,  аварга багууд тодорлоо.

 

Аймгийн Спортын төв ордонд болсон Сагсан бөмбөг сонирхогчдын дунд зохион байгуулсан “Туж лиг” тоглолтын шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаанд олимп, дэлхийн аварга NBA-ийн 4 удаагийн аварга ДеМаркус Казинс болон “Сэлэнгэ бодонс” багийн тоглогчид, багийн эзэн Л.Наранбаатар нар оролцсон юм.

 

“Тужийн нарсаа хайрлан хамгаалъя” уриан дор зохион байгуулсан нь уг тэмцээний ялагчаар "Бордер"баг, "Өргөн Сэлэнгэ" багийг 49:47 онооны харьцаатайгаар хожиж, аваргын өмсгөл малгайгаа гардан авлаа.

 

Шагнал гардуулах ёслолын үеэр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд "Сэлэнгэ бодонс академи" ирэх 5-р сарын 1-нд нээгдэхээр болсон тухай мэдээг багийн эзэн Л.Наранбаатар зарлалаа. Үүнтэй холбогдуулан тус академид улирлын турш сурах тэтгэлгийг 5 хүүхдэд гардуулан өгсөн.

 

Тус лиг нь улирлын турш үргэлжилдэг, тогтмол зохион байгуулалттайгаараа онцлог бөгөөд оролцогч багууд тойргийн журмаар өрсөлдөн, шилдэг багууд нь плэй-офф шатанд шалгарч аваргын төлөө өрсөлддөг системтэй юм. Энэ удаагийн улиралд нийт 8–12 орчим баг оролцож, спортын ур чадвар, багийн зохион байгуулалтаараа өрсөлдөөн ширүүн өрнөв.

 

Тэмцээний тоглолтуудыг ихэвчлэн амралтын өдрүүдэд зохион байгуулсан нь оролцогчид болон хөгжөөн дэмжигчдийн хувьд цагийн зохицуулалт сайтай, хүртээмжтэй болжээ. Ийнхүү бямба, ням гараг бүр спортын зааланд уур амьсгал халуун, өрсөлдөөн ширүүн байж, сонирхогчдын лиг гэхэд өндөр түвшний тоглолтууд үзэгчдэд хүрч байлаа.

 

“Туж лиг”-ийн бас нэгэн онцлог нь зөвхөн спортын өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг давхар зохион байгуулдгаараа онцлог. Зарим улиралд оролцогч багууд болон зохион байгуулагчид мод тарих, байгаль хамгаалах аянд нэгдэж, спортын эерэг нөлөөллийг олон нийтэд түгээж байгаа юм.

 

Улирлын төгсгөлд шилдэг багууд шалгарч, финалын тоглолтууд үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал боллоо. Ийнхүү дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн “Туж лиг” тэмцээн нь сонирхогчдын сагсан бөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, олон залуусыг спортоор дамжуулан нэгтгэсэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

 

Энэхүү Туж лигийн тоглолт нь "Жинчин гранд" ХХК-ын санаачилгаар, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 4 сар гаруйн хугацаанд болж өндөрлөлөө.