“Оюуны наадам-2026” оюуны спортын олон төрөлт тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын оюун ухааны академи, Оюуны спортын менежмент байгууллага, Оюуны спортын холбоод хамтран зохион байгуулж буй XV удаагийн “Оюуны наадам-2026” Хандгайтын спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.
Тус наадам ой тогтоолт, түргэн бодолт, рубик шоо, кимастер, спорт өрөлт, бэкгамон, хурдан уншлага, оюуны зураглал гэсэн 8 төрлөөр аваргаа шалгаруулдаг. Энэхүү наадмын хүрээнд Рубикийн шооны XIII удаагийн, Кимастер спортын V удаагийн, Спорт өрөлтийн XIII удаагийн тэмцээн тус тус болж, шилдгүүдээ тодруулах юм.

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар энэ үеэр хэлэхдээ, “Оюуны спортын олон төрөлтийн энэхүү тэмцээнийг анх 2011 онд ой тогтоолтын төрлөөр эхлүүлж байлаа. Түүнээс хойш шинэ төрөл нэмэгдсээр өдгөө “Оюуны наадам” нэрийн дор жил бүр 8 төрлөөр тэмцээнээ зохион байгуулдаг болоод байна.
Ингэснээр эдгээр спортоор хичээллэгч, оролцогчдын тоо жилээс жилд хурдацтай нэмэгдсээр зөвхөн нэг жилд гэхэд 10 мянга гаруй хүүхэд залуучууд оролцдог өргөн хүрээний тэмцээн болжээ. Тамирчид маань тус төрлүүдээс чансааны хувьд тунасаар, нас насны ангилалд шилдгээ шалгаруулдаг. Тухайн тэмцээнээс шалгарсан тамирчдад олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрх нь нээгддэг" хэмээн ярилаа.

Дархан-Уул аймгаас оролцож буй “Mindfull” клубийн тамирчин Д.Гандолгор, “Би энэ жил 61 настай. Анх хүүгээ болон зээ хүүгээ сургалтад нь зөөдөг байсан ч 2023 оноос өөрөө энэ спортоор хичээллэх болсон. Зээ хүүтэйгээ хамт 3 удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд, хүү болон зээ хүүтэйгээ хамт гурвуул нэг удаа олон улсын тэмцээнд хамт явсан. Энэ спортоор хичээллэснээр тун завгүй байх болсон.
Одоогоор Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний топ 10 дугаар байрын эзэн зэрэг амжилтыг үзүүлээд байна. Эл спортоороо цаашид уйгагүй суралцана гэсэн бодолтой яваа" хэмээн зорилгоосоо хуваалцлаа.

Нүүдэлчин рубик клубийн тамирчин Л.Од энэ жил 5 настай. Хүү 3 настайгаасаа шоо эвлүүлж, жилийн дараа улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртжээ. Түүний хувьд одоо шоо эвлүүлэх даалгавар амархан санагдах болсон гэнэ.
Бяцхан тамирчин шоо эвлүүлэх 2х2х2, 3х3х3 төрлөөс тус бүр алтан медаль хүртэж, шилдэг 10 тамирчны нэгээр шалгарсан тул шагналаа наадмын нээлтийн үеэр гардаж авав. Энэ сарын 8-10-нд болж буй уг наадамд 1000 гаруй тамирчин хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж байна. Тус наадмын үлдсэн төрлүүд ирэх 8 дугаар сард болох юм.
Өнгөрсөн хугацаанд манай улсын оюуны спортын тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонгконг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолт, спорт өрөлт, рубик шоо, оюуны зураглал, бэкгамоны төрлөөр олон улсын 77 тэмцээнд амжилттай оролцож, 153 цом, 1692 медаль хүртэн, Гиннес болон дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож, амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.





