Жендерийн тэгш байдлыг хангахаар ажилладаг байгууллагуудад 70.5 сая төгрөгийн санхүүжилт өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-30 13:30:33
oyuka_hu@yahoo.com

“Жендерийн тэгш байдлыг хангах”  үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Орхон аймагт боллоо. Хэлэлцүүлгийг Жендерийн Үндэсний хороо, Орхон аймгийн ЗДТГ–ын Нийгмийн бодлогын хэлтэс хамтран зохион байгуулж Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг танилцууллаа. Танилцуулгад, “Жендерийн хорооны дүрэм”-ийг шинэчлэх, орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг батлахаасаа өмнө төр болон төрийн бус байгууллага, эрдэмтдээр хэлэлцүүлэх, хөдөө орон нутгуудад “Хамгаалах байр”-ны тоог нэмэгдүүлэх зэрэг олон ажил туссан байгааг онцоллоо.

Үүний дараа аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор жендерийн асуудлаар хийж буй ажлаа танилцууллаа.  Жендерийн тэгш байдлыг хангах ажлын хүрээнд Орхон аймаг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 төрийн бус байгууллагатай 70.5 сая төгрөгийн гэрээ байгуулж ажиллажээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөх эрсдэлтэй иргэдэд  үйлчилдэг “Хамгаалах байр”-нд 25 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.  Энэ онд тус байраар 355 хүн үйлчлүүлсэн байна. Цаашид салбар хороодын уялдаа холбоог сайжруулах, нарийвчилсан судалгаа хийх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор онцоллоо. Дээрх хэлэлцүүлгийн үеэр Баянхонгор аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Батбаяр өөрийн аймагтаа хийсэн ажлаа товч танилцууллаа. Тус аймаг залуу гэр бүлд “ Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалт явуулж 200 гаруй өрхийг хамруулжээ.  Мөн өрхийн эдийн засгийн харилцааг жендерийн мэдрэмжтэй болгоход анхаарч ажилласан гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ  

相关新闻