БУЛГАН: “Тэтгэлэг-2026” өдөрлөгт 600 гаруй сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-10 13:05:42

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд “Тэтгэлэг-2026” нээлттэй өдөрлөгийг энэ сарын 9-ний өдөр зохион байгууллаа.


Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд сурагчдад олгож буй тэтгэлэг, мөн БНСУ, ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сурагчдад амжилт хүслээ.


Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга М.Төртогтох гадаадын их, дээд сургуулиудад тус сангийн зээлээр суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсээс нарийн мэргэжлээр гадаадад 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломжийг, Онцгой байдлын газраас ОХУ-д тэтгэлгээр суралцах хөтөлбөрүүдийг тус тус танилцуулсан юм.


Мөн хамтын ажиллагаатай их, дээд сургуулиуд болох Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Этүгэн их сургуулийн төлөөллүүд оролцож, элсэлт болон сургалтын боломжуудын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн аймгийн Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөлөөс сурагчдад мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгсөн юм.


Өдөрлөгт 16 сум, 1 тосгоны 9-12 дугаар ангийн 600 гаруй сурагч хамрагджээ.


Булган аймагт нэн шаардлагатай мэргэжлээр БНСУ, ОХУ болон дотоодын их, дээд сургуульд 2025 оны байдлаар 131 оюутан тэтгэлгээр суралцаж байна.






相关新闻