Зарим нутагт бороо, цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн хойд хагаст өнөөдөр үүлшиж, баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын хойд, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр бороо, цас орно.
ЦУОШГ-ын мэдээлснээр, бусад нутгаар багавтар үүлтэй, хур
тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун
өмнөөс секундэд 5-10, ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс,
Ерөө голын хөндийгөөр 0-5, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр
5-10, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд
хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26,
бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшиж, үдээс хойш бага
зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10, зарим
үед 12-14 метр хүрч ширүүсэн, 10-12 градус дулаан байна.
Багануур орчмоор үүлшиж, хур тунадас орохгүй, салхи зүүн
өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ.
Өнөөдөр 11-13 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор үүлшиж, үдээс хойш ялимгүй хур тунадас орно. Салхи
зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9, зарим үед 12-14 метр хүрч ширүүсэн,
8-10 градус дулаан байна.