Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэиг хүлээн авч уулзлаа.
“Ниппон сан”-гийн боловсрол, хүний нөөц, уламжлалт анагаах
ухаан, эрдэм шинжилгээний салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нийгэм, эдийн
засгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжилд чухал түлхэц болсонд Ерөнхийлөгч
талархал илэрхийллээ. Ялангуяа орон нутгийн 1000 оюутанд МУИС, АШУҮИС, ХААИС,
ШУТИС-д бүрэн тэтгэлгээр суралцах боломж олгосны дагуу эхний 100 нь амжилттай
суралцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Тэтгэлэгт хөтөлбөр нь “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэв. Мянган оюутныг манай их сургуулиудад бүрэн тэтгэлгээр сургах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон. Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Ниппон сан” хамтран “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт 2025 онд гарын үсэг зурсан юм.
Оюутнууд Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, Эмнэл зүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, Мал аж
ахуй, агрономи, ургамал хамгаалал, Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй
байдал, хоол зүй биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлээр суралцаж
төгсөөд орон нутагтаа гурван жил ажиллах юм. Тэтгэлэгт хөтөлбөрийг 12 жил
хэрэгжүүлэх бөгөөд 5 сая гаруй ам.долларын буцалтгүй санхүүжилт олгоно.
“Ниппон сан” цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны залуу ажилтнуудыг Япон Улсад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэиг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тус сангийн тусгай зөвлөх Мори Юүжиг Алтан гадас одонгоор шагналаа.


