Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Тус тогтоолоор эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, урамшууллын тогтолцоог шинэчилж, гүйцэтгэл, ажлын ачаалал, үйлчилгээний чанарт суурилсан уян хатан системд үе шаттай шилжүүлж, 2025 оны 224 дүгээр тогтоолоор тогтоосон үндсэн цалингаас тооцсон нэмэгдлийг 2026 оны тавдугаар сарын 1-нээс олгохоор шийдвэрлэв. Мөн эрүүл мэндийн салбарын үр дүн, үр ашиг, зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт даалгалаа. Тухайлбал,
-Санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, үр өгөөжийг
нь эмч, сувилагч, ажилтны хөдөлмөрийн гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулах,
-Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх, эм,
эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн чанар, аюулгүй
байдалд анхаарах, шаардлага хангахгүй эмийг зах зээлээс татах,
-Иргэд оршин суугаа бүс нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх, лавлагаа шатлалын эрүүл
мэндийн байгууллагуудын ачааллыг бууруулах, хүлээгдэл чирэгдлийг
арилгах,
-Салбарын ажилчдын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд суурилсан цалин урамшууллын тогтолцоог (KPI) боловсронгуй болгож бүтээмжид үндэслэсэн цалин нэмэх шийдлийг боловсруулах,
-2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарласантай
холбогдуулан эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг
эрчимжүүлж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.