“Эрдэнэт үйлдвэр” ХХК туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн завод жилд 20000 ширхэг туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж, угсрах хүчин чадал бүхий хагас автомат шугамыг ашиглалтад орууллаа.
Энэ нь тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2014 оны А/19 тушаалаар батлагдсан импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Тус үйлдвэр Монгол Улсад дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж, угсарч эхэлсэн анхны аж ахуйн нэгж болж байгаа юм. Уг технологийг ашиглалтад оруулахад 700 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд өртгөө найман сарын дотор нөхөх тооцоо гарсан гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу ярьлаа. Дээрх технологийг БНХАУ-ын компани нийлүүлсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь жилд 5000 ширхэг туузан дамжуулгын өнхрөвч ашигладаг. Үүнийг худалдан авахад 350-400 мянган америк доллар зарцуулдаг байжээ. Өөрөөр хэлбэл тус үйлдвэр туузан дамжуулгын нэг ширхэг өнхрөвчийг 100 америк доллараар худалдан авдаг байсан.
“Ийнхүү өөрийн үйлдвэрийн Засвар механикийн заводдоо хагас автомат шугамыг ашиглалтад оруулснаар өнхрөвч нэг бүрийг 40-50 америк доллараар үйлдвэрлэх буюу жилд 200-300 мянган америк долларын бодит хэмнэлтийг бий болгох боломжтой боллоо. Мөн шинээр дөрвөн ажлын байр бий болж байна гэж” тус заводын Механик цехийн дарга Д.Галбямба хэллээ.
Туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэхэд турба, сальник, холхивч зэрэг түүхий эд хэрэгтэй. Одоогоор тус үйлдвэр үүний тодорхой хэсгийг өөрсдөө үйлдвэрлэж үлдсэнийг нь худалдан авч байгаа юм. Ирээдүйд холхивчоос бусад эд ангийг өөрсдөө үйлдвэрлэх зорилт тавьж байгаа аж.
Туузан дамжуулгын өнхрөвч нь үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг тоног төхөөрөмж юм байна. Үүнийг дулааны станцууд, барилгын материалын үйлдвэрүүд, хүнс, уул уурхайн үндсэн үйлдвэрүүд өргөнөөр ашигладаг аж. Монгол Улс жилд 20000 ширхэг туузан дамжуулгын өнхрөвч хэрэглэдэг. Уг хэрэгцээгээ 100 хувь импортоор авдаг. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж, угсрах хагас автомат шугамыг ашиглалтад оруулснаар өөрийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй бусад үйлдвэрүүдэд борлуулах боломж нээгдэж байгааг салбарын мэргэжилтнүүд нь онцоллоо.
Б.Оюун-Эрдэнэ