"Аюулгүй зорчих хэсэг" аян зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож зарим сумдаар 40-50 см цас орж малчин иргэдийн малын бэлчээрийн гарц муудах, хот хоорондын болон орон нутгийн чанартай зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл байдал үүссэн тул аймгийн Онцгой комиссоос "Аюулгүй зорчих хэсэг" 3 сарын аяныг зарлав.
Төв суурин газар, авто зам дагуу оршин суугаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн эзэмшлийн газрын дагуу 50 метр цас мөсийг бүрэн цэвэрлэх үүргээ ухамсарлан аянд нэгдэхийг уриалжээ. Мөрөн сумын авто зам болон явган хүний зам талбайд хальтиргаа гулгаа үүссэний улмаас бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэртэж гэмтэх, шуурхай албаны авто машинууд замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл үүсч, төрийн үйлчилгээ үзүүлэх цаг хугацаа удаашрах учраас осол эндэгдэлд өртөхөөс өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэн тус бүрийг эхний 3 байр эзлүүлж мөнгөн шагналаар шагнаж урамшуулах ажээ.
Б.Гантуяа