"Реал Сосьедад" Испанийн цомын тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2026-04-19 10:52:31

МАДРИД, 2026 оны дөрөвдүгээр сарын 19 /TASS/. "Реал Сосьедад" баг Испанийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод "Атлетико" багийг цуврал торгуулийн цохилтоор хожлоо. 


Севилиа хотын "Олимпико де Севилиа - Ла Картуха" цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтын үндсэн болон нэмэлт хоёр цаг 2:2-ын харьцаатай тэнцээгээр дуусжээ. "Реал Сосьедад"-аас Андер Барренечеа (1 дэх минут), Микель Оярсабаль (45+1, пенальти) нар гоол оруулсан бол "Атлетико" багийн гоолийг Адемола Лукман (19), Хулиан Альварес (83) нар хийсэн байна. Тоглолтын дараах 11 метрийн цуврал торгуулийн цохилтоор Сан-Себастьяны баг 4:3-аар илүүрхжээ. 


Сүүлийн таван жилийн Испанийн цомын тэмцээний финалын тоглолтуудаас ганцхан тоглолт үндсэн цагт шийдвэрлэгдэж байв. Тодруулбал, 2023 онд "Реал Мадрид" баг "Осасуна" багийг (2:1) хожиход 90 минут хангалттай байв. Өнгөрсөн оны тэмцээний шувтаргын тоглолтод "Барселона" баг "Реал"-ыг нэмэлт цагт (3:2) хожиж байсан бол 2022 болон 2024 онуудад аваргыг торгуулийн цохилтоор тодруулж байжээ.


"Реал Сосьедад" ийнхүү гурав дахь удаагаа Испанийн цомын эзэн болж байна. Тус баг өмнө нь 1986/87 болон 2019/20 оны улиралд уг цомыг хүртэж байсан юм. Тус тэмцээний түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн дээд амжилтыг "Барселона" баг (32 удаа) эзэмшдэг.

相关新闻