Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-21 15:28:12

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Манай улс жилд 15 мянган тонн бордоо хоёр хөршөөсөө импортолдог.


Харин Улаанбаатар хотын баруун зах Эмээлтэд жилд 20 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бий. Улсынхаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бордооны хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь экспортод гаргах боломжтой гэсэн үг. “Protein Mongolia” үйлдвэр малын хаягдал яс, дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж, байгальд ээлтэй, органик бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэдэг ажээ.



Тус үйлдвэрийн бордоог газар тариалан, төмс, хүнсний ногоо, мод үржүүлгийн салбарт өргөн хэрэглэдэг байна. Хоногт 30-50 тонн малын хаягдал яс, махыг боловсруулан 30-35 тонн бордоо, тэжээл үйлдвэрлэдэг юм байна. “Protein  Mongolia” үйлдвэр мөн малын яснаас тос гаргаж, 2023 оноос БНСУ-д экспортолж эхэлжээ. Уг тосоор солонгосууд онгоцны түлш үйлдвэрлэдэг гэнэ.

Одоогоор 3000 тонн ясны тос БНСУ руу экспортлоод байгаа тухайгаа “Protein  Mongolia” үйлдвэрийн захирал Н.Оюунбат ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад танилцуулав. Тус үйлдвэр хаягдал ясыг байгалийн эрдсээр баяжуулсан органик бордооноос гадна мал, амьтны тэжээл үйлдвэрлэн “Түмэн шувуут”, “Баян” зэрэг томоохон шувууны аж ахуйд нийлүүлдэг ажээ.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат уулзалтын үеэр ярихдаа, “Үндэсний үйлдвэрлэгчид экспортлогчид болж байж хөгжинө. Төрөөс үүнийг татаас, хөнгөлөлтөөр дэмжих ёстой. Тиймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр мах, ургамал, ноос, ноолуур болон Евроазийн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий дөрвөн ажлын хэсэг байгуулсан. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдээ төр бодлогоор дэмжинэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Тухайлбал, ясны үйлдвэрийг Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрт хамруулж, тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг судална” гэв.


Итали технологийг Монголд нэвтрүүлсэн “Protein  Mongolia” ясны үйлдвэр цаашид нунтаг органик бордоогоо үрлэн хэлбэртэй болгон үйлдвэрлэх, улмаар экспортод гаргахаар төлөвлөжээ. Мөн ясны тосныхоо экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 2500 тонны багтаамжтай агуулахтай болсон байна. Үйлдвэр өдгөө хүчин чадлынхаа дөнгөж 30 хувиар ажиллаж байгаа бөгөөд 100 хувь болгох боломжтой. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хязгаарлагдмал, төрийн дэмжлэг сул байгааг үйлдвэрийн удирдлагууд онцоллоо. 







相关新闻