Өсвөрийн боксчид хамтарсан бэлтгэлд хамрагдаж, ААШТ-д оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-22 09:13:04

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд үүний дотор өсвөрийн боксчдын харилцан хамтарсан бэлтгэл сургуулилалт зохион байгуулах байв.


Энэ хүрээнд өчигдөр Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайханаар ахлуулсан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Есүхэйбаатар, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзориг нарын удирдлагад Монголын боксын өсвөрийн 15 тамирчин Узбекистаныг зорилоо. Тэд боксын олимп, дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн алтан медальт Баходир Джалоловын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд ес хоногийн турш өндөржүүлсэн бэлтгэлд хамрагдана. Улмаар ирэх сарын 1-нд Ташкент хотод эхлэх өсвөрийн ААШТ-д оролцоно. 


Ташрамд дурдахад, хоёр улсын өсвөрийн боксчдын эхний хамтарсан бэлтгэл сургуулилалтыг өнгөрсөн оны зургаадугаар сард Хандгайт дахь “Их тамир” цогцолборт зохион байгуулахад Узбекистанаас 14 тамирчин ирсэн юм.  






相关新闻