“Улаанбаатар марафон”-ы бүртгэлийг дахин сунгахгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-22 14:25:53

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээний бэлтгэл ажлын явц, маршрут болон тухайн өдөр хязгаарлах авто замуудын талаар холбогдох албаныхан өнөөдөр албан ёсны мэдээлэл өглөө.


Нийслэлийн Засаг даргын 2026 оны 396 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах үндсэн ажлын хэсэг болон дэд дөрвөн хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил хагас болон бүтэн марафоны замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 2030 хүртэлх хугацаатайгаар олон улсын хэмжилтийн В ангиллын сертификат олгосноороо онцлогтой. Мөн энэ жил анх удаа Лондон, Берлиний марафонд ашигладаг Германд үйлдвэрлэсэн хурд, цаг хэмжих  "Race result Ubidium" төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа аж. 


Уралдааныг долоон төрлөөр зохион байгуулах бөгөөд зай тус бүрд насны ангилалтай байх аж. Тухайлбал, 21 болон 42 км зайд зөвхөн 18-аас дээш насны эрэгтэй тамирчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Харин 10 км-т дээш насыхан, 5 км-т 12-15 насны өсвөрийнхөн, 18-аас дээш насныхан, 1.5 км-т  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлээрээ гүйгчид оролцоно. “Улаанбаатар марафон”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй тамирчин бүртгүүлсэн бөгөөд бүртгэлийн хугацааг тавдугаар сарын 1-нээс цааш сунгахгүйг зохион байгуулагчид нь тодотголоо. Энэ жилийн тэмцээнд гадаадын олон шилдэг тамирчид хурд хүчээ сорихоор бүртгүүлсний дотор Кени, Япон улсаас тус бүр хоёр эрэгтэй тамирчин 42 км-т, Англи, ОХУ, БНХАУ-ын тамирчид 21 км-т уралдахаар мэдүүлгээ өгчээ.


Хурлын үеэр Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа, “Улаанбаатар марафан 2026 олон улсын гүйлтийн тэмцээнтэй холбогдуулан томоохон гудамж, авто замын хөдөлгөөнд өөрчлөлт орж байна. Тиймээс Нийтийн тээврийн газраас үйлчилгээний 53 чиглэлд 483 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт оруулна.  Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Дүнжингаравын зам болон хойно, урдаасаа орж ирж байгаа гудамж замуудыг хаах учраас нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан гол чиглэлүүд Их тойруугаар хөдөлгөөнд оролцоно. Авто замыг 06:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлахаар төлөвлөсөн. Ннийтийн тээврийн чиглэл заасан апплейкшн дээр М-1/Ма гэсэн байдалтай оруулах юм. Иргэд МА гэсэн бичигтэй байвал нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон гэж ойлгож болно” гэв.


Марафоны үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх 10 баг ажиллана. Тодруулбал, гараа, барианы цэгээс гадна усны байршлуудад тав, хөдөлгөөнт дөрвөн баг ажиллах аж. Бүтэн болон хагас марафонд гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох нь зүйтэй. Хэрэв та зүрх судас, уушгины өвчтэй, гүйлт эхлэхээс тав хоногийн өмнө халуурвал анхаарах хэрэгтэйг онцоллоо. Мөн гүйлтээс 48 цагийн өмнө хооллолтдоо, тав хоногийн өмнөөс архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байхыг зөвлөлөө. 


Тэгвэл Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны ерөнхийлөгч Э.Нарангэрэл ““Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд энэ жилээс дэлхийн элит тамирчид албан ёсоор оролцох боломж бүрдэж байна. Дэлхий болон Азийн хөнгөн атлетикийн холбоонд мэдээллийг тогтмол өгч, тамирчдын олимпын оноонд нөлөөлдөг байхаар марофоныг зохион байгуулахаар тооцож байна. Манай улсын хувьд ч гэсэн дэлхийн болон олимпын наадамд оролцдог элит дөрвөн тамирчин  марафонд оролцоно. Сайн дурын 700 гаруй хүмүүс, 100 шүүгч оролцоно” гэв.


Энэ жил 21 км, 42 км буюу хагас, бүтэн марафоны гүйлтийн маршрутад өөрчлөлт оржээ. Сүхбаатарын талбайгаас гараанаас гараад Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүрч, нүхэн гарцаар гараад зүүн тийш призер хүрээд буцаж эргэж, Дүнжингаравын уулзвараас Цэцэрлэгт хүрээлэнгийн ар, И-мартын уулзвар хүрнэ. И-мартаас Удирдлагын академи руу эргэх туслах замаар худалдааны төвөөр баруун эргээд буцаж И-мартын уулзвараар барианд орно гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.



相关新闻