Гар зургийн уралдааны шилдгүүд шагналаа гардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНийслэлийн 377 жилийн ойг угтсан "Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар" гар зургийн уралдаанд шалгарсан шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа.
НЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан тус уралдаанд 3486 бүтээлээс шалгарсан 500 гаруй бүтээлээр өнгөрсөн 10 дугаар сарын 29-нд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн зохион байгуулсан бол өнөөдөр шилдэг 39 хүүхдэд мөнгөн шагнал гардуулсан юм.
Уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд бага /6-9 нас/, дунд /10-13/, ахлах /14-18/ нас гэсэн ангиллаар зарлан явуулсан бөгөөд эхний гурван байранд шалгарсан 9 бүтээлийг Нийслэлийн Боловсролын газрын хүндэтгэлийн танхимд байрлуулахаар боллоо.
Бага насны ангилалд Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн гуравдугаар сангийн сурагч Б.Галдан, хоёрдугаар байрт Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч М.Гэгээ, гуравдугаар байрт Баянзүрх дүүргийн Оюунлаг цогцолборын гуравдугаар ангийн сурагч З.Бүжинлхам шалгарлаа.
Дунд насны ангилалд БГД-ийн Оюуны ундраа цогцолборын наймдугаар ангийн сурагч Э.Тэргэл, хоёрдугаар байрт БГД-ийн Монгени цогцолборын тавдугаар ангийн сурагч Б.Тэмүүлэн, гуравдугаар байрт БГД-ийн 51 дүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч Г.Мандхай тодров.
Ахлах насны ангилалд Монгени цогцолборын 11 дүгээр ангийн сурагч Д.Ариунаа, хоёрдугаар байрт БГД-ийн 20 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч Л.Анударь, гуравдугаар байрт Монгени цогцолборын 12 дугаар ангийн сурагч Х.Ганзол нар тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнуулав.
Энэ үеэр “Цэцэрлэгийн дүү нартаа барих бидний бэлэг” аяны хүрээнд ЕБС-ийн технологийн хичээл дээр багш, сурагчдын хамтран урласан тоглоомыг 14 сургууль, 14 цэцэрлэгт гардуулсан юм. Нэг цэцэрлэгт 300-600 мянган төгрөгийн үнэ бүхий 80-100 тоглоом бэлэглэлээ. Одоогийн байдлаар 30 цэцэрлэгт нийт 2674 ширхэг 12 сая гаруй төгрөгийн тоглоом бэлэглээд байгаа аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр