ТҮЦ эрхлэгчдийн 98 хувь нь хууль, тогтоомж зөрчжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ ажиллаж буйг мэргэжилтнүүд онцоллоо.
Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг нь холбогдох байгууллагын шалгалтаар илэрчээ. Зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүйг албаныхан хэллээ.
Шалгалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр зургаан дүүрэгт явуулжээ. Шалгалтын явцад тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ажлын хувцас, энгэрийн тэмдэггүй, ариун цэвэр, гар угаах угаалтуургүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм. Тиймээс шаардлага хангаагүй ТҮЦ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, мэдэгдэх хуудас өгчээ. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд буюу явган хүний зам, авто зогсоол дээр өөрсдийн дураар ТҮЦ байрлуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Б.Заяа