Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-09 15:41:24

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон албаныхан Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Морингийн даваанд байрладаг “Хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр”-ийн талбайд ажиллалаа.


Энэхүү үйлдвэр 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай бөгөөд өдөрт 150 тонн барилгын хатуу хог хаягдлыг буталж, дахин боловсруулан, ангилах боломжтой. Түүнчлэн улсын хэмжээнд барилгын хог хаягдал дахин боловсруулах цорын ганц үйлдвэр гэдгээ онцлог. Үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдэж буй юм.  


Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ярихдаа, “Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.6 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах, хогийн цэгийн тоог багасгаж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй” гэдгийг онцлов. 

相关新闻