ӨМНӨГОВЬ: Говийн бүсийн англи хэлний багш нар туршлагаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-27 15:37:25

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нар хамтран “Дэлхийн иргэд Ханбогдоос-2026” боловсролын өдөрлөгийг энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Тус сумын 1, 2 дугаар сургуулийн англи хэлний багш нар судлагдахуунд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн туршлага, үр дүнгээ солилцох зорилгоор уг өдөрлөгийг хийжээ.


Өдөрлөгийг тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь зэрэг говийн бүсийн аймгуудын 50 гаруй багш, 2000 гаруй сурагч оролцож, туршлагаа солилцжээ. Эхний өдөр багш нарын туршлага солилцох уулзалт болсон бол хоёр дахь өдөр өртөөт үйл ажиллагаа, сурагчдын тоглолт, зочин илтгэгчийн илтгэл зэрэг хөтөлбөрөөр үргэлжилсэн байна.


Өдөрлөгийг Ханбогд сумын 1, 2 дугаар сургуулийн “Нэгдмэл зорилго” мэргэжлийн хөгжлийн бүлгэмийн багш нар хамтран зохион байгуулсан бөгөөд тус бүлгэм говийн бүсийн шилдгүүдийг тодруулдаг “Алтанзул-2025” наадмын шилдэг хамт олноор шалгарч байсан юм.


Өмнө нь зөвхөн Өмнөговь аймгийн хэмжээнд зохион байгуулдаг байсан бол энэ жил бүсийн хэмжээнд өргөжүүлэн 19 өртөөгөөр зохион байгуулснаараа онцлог, үр дүнтэй ажил болсон байна. 

相关新闻