Зах зээл богино хугацаанд тогтвортой өсөлтийн үе шатанд шилжиж байгаа дүр зураг ажиглагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-27 13:38:32
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 


Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.04.20-2026.04.26)


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 6.37 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 13.25 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Хаан банк ХК, Голомт Банк ХК, Ард кредит ББСБ ХК, Хас Банк болон АПУ ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:    

  • Голомт Банк ХК-ийн (GLMT) 610 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1,240 төгрөгөөр буюу нийт 756.4 сая төгрөгөөр;
  • Ард кредит ББСБ ХК-ийн (ADB) 6.67 сая ширхэг үнэт цаас нэгжийн 122 төгрөгөөр буюу нийт 812.93 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.


Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн индексүүд өсөлттэй хаагдаж, зах зээлд эерэг хандлага хадгалагдлаа. TOP-20 индекс +1.41%, MSE A индекс +1.53%, MSE B индекс +0.16%-иар тус тус өссөн байна. Өсөлт нь өмнөх долоо хоногийн сэргэлтийн үргэлжлэл байж, зах зээлд худалдан авалтын идэвх тогтвортой хадгалагдсаныг илтгэнэ. Ялангуяа MSE A индексийн өсөлт нь том болон дунд зах зээлийн үнэлгээтэй хувьцаануудын гүйцэтгэл харьцангуй сайн байсныг харуулж байна. Харин MSE B индексийн бага өсөлт нь жижиг сегментэд илүү тогтуун, хязгаарлагдмал хөдөлгөөн үргэлжилж байгааг илтгэж байна. Нийт дүнгээр, зах зээл богино хугацаанд тогтвортой өсөлтийн үе шатанд шилжиж, өмнөх улирлын техникийн нөлөөллүүд (экс-дивиденд, улирлын хэлбэлзэл) аажмаар саарч буй дүр зураг ажиглагдлаа.



ШАТАХУУНЫ ҮНЭ, ГЕОПОЛИТИК, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ УЧИРЧ БУЙ ГАДААД ШАХАЛТ

2026 оны 4-р сарын 22-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан дэлхийн газрын тосны үнэ нэмэгдэж, дотоодын шатахууны зах зээлд нөлөөлж байна.


Тухайлбал, дотоодын зах зээл дэх энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200 төгрөг, Евро-5 дизель 5,300 төгрөг, АИ-95 бензин 4,100 төгрөг болж өсөх нөхцөл байдал үүссэн байна. Засгийн газар нөхцөл байдлыг хянаж, импортын гаалийн татварын хувь хэмжээг тогтоох эрхийг өөртөө авах тухай УИХ-д хуулийн төсөл өргөн барьжээ. Харин 4-р сарын 23-нд зарим мэдэгдлийн дагуу шатахууны үнэ огцом нэмэгдэхгүй гэсэн байр суурийг Засгийн газар илэрхийлсэн байна.

  • Шатахууны эрсдэл: Дизель болон АИ-95-ийн үнэ нэмэгдэх нөхцөл үүссэн бөгөөд тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэлийн өртөг өсөх эрсдэлтэй.
  • Хууль эрх зүйн арга хэмжээ: Засгийн газар гаалийн татварын уян хатан зохицуулалтын эрхийг авах зорилгоор УИХ-д яаралтай хуулийн төсөл өргөн барилаа.
  • МХБ-ийн байдал: Жишиг индекс 2026 оны эхээр түүхэн дээд түвшинд хүрсний дараа уналт үргэлжлэх магадлалтай байна.  
  • Инфляцын дарамт: Шатахуун болон энергийн үнийн өсөлтөөс хамааран 2026 онд инфляц 7.0% орчим хэвээр байх таамаглал бий.

Дэлхийн нефтийн үнийн хэлбэлзэл нь шатахуунаа бүхэлдээ импортоор хангадаг улсад инфляцын нэмэлт дарамт болдог. Засгийн газар гаалийн татварыг уян хатан зохицуулах эрхийг авах нь богино хугацаанд үнийн огцом өсөлтийг сааруулах боломж бий болгож болох ч дунд хугацаандаа төсвийн орлогод дарамт учруулж болно. МХБ-ийн хувьд шатахуун, тээвэр, хоол хүнсний компаниудын зардлын өртөг нэмэгдэх нь хоёрдугаар улирлын ашгийн тайланд тусч, ханшийн уналтыг улам гүнзгийрүүлж болзошгүй.  

 

АЖ ҮЙЛДВЭРИЙН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД 61 ХУВИАР ӨСӨЖ, УУЛ УУРХАЙ ГОЛ ХӨДӨЛГҮҮР БОЛОВ

Үндэсний Статистикийн Хорооны 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлийн мэдээгээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 16.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 их наяд буюу 61.2%-иар өслөө. Энэ нь 2023 оны мөн үеийн 8.7 их наяд, 2024 оны 11.7 их наяд, 2025 оны 10.2 их наяд төгрөгтэй харьцуулахад мэдэгдэхүйц ахиц юм.


Өсөлтийн гол хөдөлгүүр нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар байв. Энэ салбарын үйлдвэрлэл 13.6 их наяд төгрөгт хүрч, 74.2%-иар өсөхөд металлын хүдэр олборлолт 2.3 дахин (4.8 их наяд төгрөг) өсч, чулуун нүүрс 28.0%-иар (1.0 их наяд төгрөг) нэмэгдсэн нь нөлөөлжээ. Борлуулалтын хувьд ч нийт 18.8 их наяд төгрөгт хүрч 75.3%-иар өссөн бөгөөд гадаад зах зээлийн борлуулалтын 62.9%-ийг металлын хүдэр олборлолт дангаараа бүрдүүлсэн байна.


Гол үзүүлэлтүүд:

  • Нийт өсөлтийн 94% орчим нь уул уурхайн салбараас бүрдсэн бөгөөд эдийн засгийн олон талт байдлын хувьд эрсдэл хэвээр байна.
  • Зэсийн баяжмал металл агуулгаараа 36.4%-иар өсч 611 мянган тонд хүрэв.
  • Чулуун нүүрс 68.7%-иар өсч 25.7 сая тонд хүрсэн нь экспортын гол бүтээгдэхүүний нэг болж буйн илрэл юм.
  • Цемент үйлдвэрлэл 96.7%-иар өсч 171 мянган тонд хүрсэн нь барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдэж буйг харуулна.
  • Хүнс, ундаа сектор харьцангуй суларсан: ус, ундаа жүүс 18.2%-иар, малын мах 62.3%-иар буурсан нь анхаарал татаж байна.
  • Үйлдвэрлэлийн биет хэмжээний индекс 2026 оны 3-р сард 214.0 (2015=100) болж, өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар буурсан байна.

Нийт үйлдвэрлэлийн өсөлт нь голчлон уул уурхай, олборлох салбараас хамаарсан бөгөөд биет хэмжээний индекс өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар буурсан нь нэрлэсэн үнийн нөлөө бодит хэмжээний өсөлтөөс давамгайлж байгааг харуулна. Иймд зах зээлийн үнэлгээ дахь инфляцын нөлөөллийг хөрөнгө оруулагчид нарийн ялган авч үзэх шаардлагатай.


УРГАМЛЫН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ ӨСӨЖ, ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨВЛӨРӨЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА  

Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 183.5 мянган тонн-д хүрч, тогтвортой өсөлтийн чиг хандлага хадгалагдлаа. Нийт экспортын 86% нь БНХАУ руу чиглэсэн нь зах зээлийн төвлөрөл өндөр хэвээр байгааг илтгэж байна.


Экспортын бүтцийн хувьд 75% нь таримал ургамал, 24% нь боловсруулсан бүтээгдэхүүн, үлдсэн 1% нь модон материал эзэлж байна. Таримал бүтээгдэхүүний экспортод рапс, тэжээлийн хивэг, өвс зонхилж, үүнээс рапс 100.8 мянган тонн, хивэг 27.9 мянган тонн, тэжээлийн өвс 23.7 мянган тонн, төмс 10.8 мянган тонн-ын экспорт хийгджээ. Мөн чацаргана, луувангийн шүүс, хушны самар зэрэг бүтээгдэхүүнүүд бага хэмжээгээр экспортлогдсон байна.


Экспортын өсөлт нь газар тариалангийн салбарт тодорхой идэвхжил бий болгож, таримлын төрөлжилтийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, ургацын өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг дэмжиж байна. Үүний зэрэгцээ зах зээлийн өндөр төвлөрөл нь экспортын эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл хэвээр байгааг харуулж байна.


Нийт дүнгээр, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байгаа нь хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэлийг дэмжиж байгаа ч зах зээлийн төрөлжилт, бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх чиглэлд цаашдын динамик чухал хэвээр байна.


相关新闻