АРХАНГАЙ: Малчин айлын гэр захиалгыг цахимаар захиалдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-04-27 14:34:59

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. “Малчин кэмп” төсөл нь Gerbook төсөлтэй хамтран ажиллахаар боллоо.


Энэхүү хамтын ажиллагаа нь гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Малчин кэмп” төслийг аймгийн хэмжээнд аялал жуулчлалын жишиг санаачилга болгон хөгжүүлэх чухал алхам болж байна. Мөн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж дараагийн шатанд гаргах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид энэхүү хамтын ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн эхлэлийг тавьсан чухал алхам хэмээн үзэж, цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилттой байгаагаа илэрхийллээ.


Ийнхүү Архангай аймаг аялал жуулчлалын салбарт дижитал шийдэл нэвтрүүлж, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох зорилгын хүрээнд Gerbook-тэй хамтын ажиллагааг эхлүүллээ. “Малчин кэмп” төсөлд хамрагдаж буй 60 малчин өрх аялал жуулчлалын бүс нутгийн 30 байршилд үйл ажиллагаа явуулж байна.


Gerbook.com нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд малчин өрхийн орлогыг төрөлжүүлэн нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд хүргэх дижитал платформ юм. Тус платформоор дамжуулан Монгол Улсын 21 аймагт монгол гэрийг онлайнаар захиалах боломж бүрдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 900 орчим малчин өрх бүртгэгдээд байна.


相关新闻