ДОРНОГОВЬ: Хөрөнгө оруулагчдын форумаар дөрвөн үндсэн сэдвийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-27 15:03:54

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Дорноговь хөрөнгө оруулалтын форум-2026” Сайншанд суманд өнөөдөр эхэллээ.


Тус форумаар “Дэд бүтэц-Ногоон эдийн засаг”,  “Шинэ Сайншанд-Ухаалаг хот”, “Хөдөө аж ахуй-Тойрог эдийн засаг”, “Аялал жуулчлал-MICE tourism” зэрэг үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, илтгэл, уулзалт өрнүүлж байгаа юм. Форумд төрийн байгууллагууд, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудын төлөөлөл нийлсэн 200 гаруй хүн оролцож, бүс нутгийн хөгжлийн боломж, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг тодорхойлох, бодит төслүүдийг хэлэлцэж байна.


Чуулганаар хэлэлцэж буй асуудлууд нь Дорноговь аймгийг бүс нутгийн хөгжлийн зангилаа төв болгон хөгжүүлэх, тогтвортой, ногоон эдийн засгийг дэмжих, инновац шингэсэн ухаалаг хотын загварыг нутагшуулахад чухал ач холбогдолтой юм.



Хүн амын өсөлтөөс үүдэлтэй суурьшлын бүсийг илүү боловсронгуй болгон хөгжүүлэх зорилгоор “Шинэ Сайншанд” хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Одоогийн байдлаар Сайншанд суманд 30 гаруй мянган хүн оршин сууж байгаа бөгөөд хүн амын ундны усны хангамж, хүнсний нийлүүлэлт, ариутгах татуурга, хот суурины ногоон байгууламж зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна.


相关新闻