СҮХБААТАР: Орон нутгийн сэтгүүл зүйн хөгжлийн гарцыг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-27 16:11:16

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-26-ны өдрүүдэд Баруун-Урт суманд Бүс нутгийн сэтгүүлчид–2026 форум боллоо.


Тус форум нь бүс нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, туршлага солилцох зорилготойгоор зохион байгуулсан бөгөөд 15 жилийн дараа Сүхбаатар аймагт болсноороо онцлог юм.


Форумд аймаг, бүс, дүүрэг, нийслэлийн хэвлэл мэдээллийн салбарын 70 гаруй төлөөлөл оролцож, орон нутгийн сэтгүүл зүйн өнөөгийн байдал, цахим шилжилт, мэдээллийн үнэн бодит байдал, ёс зүйн асуудал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн бүс нутгийн сэтгүүлчдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах, орон нутгийн дуу хоолойг бодитой хүргэхэд чиглэсэн санал, санаачилгуудыг дэвшүүлж, туршлага солилцлоо.

Форумын эхэнд МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Зоригтын Боргилмаа оролцогч сэтгүүлчдэд зориулсан сургалт, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Худал мэдээлэл түгээх гэмт хэрэг ба хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрхийн баталгаа” сэдвээр илтгэл тавьж, өнөөгийн нийгэмд мэдээллийн үнэн бодит байдал алдагдах эрсдэл нэмэгдэж буй нөхцөл байдал, түүний хууль эрх зүйн зохицуулалт, сэтгүүлчдийн хүлээх хариуцлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Мөн сэтгүүлчийн эрхийн баталгаа, мэргэжлийн үйл ажиллагаанд тулгарч буй эрсдэл, дарамт шахалтын үед хууль эрх зүйн хүрээнд өөрийгөө хамгаалах, байгууллагын дэмжлэг авах боломжуудын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Мөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Болормаа “Орон нутгийн сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж, салбарын бодит нөхцөл байдал, сорилт бэрхшээл, хөгжлийн чиг хандлагын талаар оролцогчидтой санал солилцлоо.

Илтгэлд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүний нөөцийн хомсдол, санхүүгийн тогтвортой байдал, мэдээллийн чанар болон хараат бус байдлыг хадгалах сорилт, цахим шилжилтийн нөлөө зэрэг асуудлыг хөндөж, судалгаанд суурилсан дүгнэлтүүдийг танилцуулсан юм. Мөн орон нутгийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг, мэргэжлийн ур чадварын тасралтгүй сургалт, хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.

Оролцогчид илтгэлийн хүрээнд дэвшүүлсэн асуудлуудыг гүнзгийрүүлэн хэлэлцэж, боломжит шийдэл, гарцын талаар идэвхтэй санал солилцсон нь форумын үр өгөөжийг нэмэгдүүлэв.


Уг форумд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн, Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бодлого болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулга мэдээлэл өглөө. Тэд мөн орон нутгийн хөгжилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, үүрэг чухал болохыг онцлов.

Сүхбаатар аймаг цаашид улсын төсвөөс татаас авахгүй болох зорилт дэвшүүлж, ирээдүйн хөгжлөө тодорхойлсон нь сэтгүүлчдийн талархлыг хүлээв. Мөн уг зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд нь зөвхөн Сүхбаатар аймаг төдийгүй улсын нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтойг оролцогчид онцолж байлаа.







相关新闻