“Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц ажил хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-27 17:09:16

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр боловсролын шинэчлэлийн замын зураглал буюу хэрэгжүүлэх бодлого чиглэлээ танилцууллаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан Боловсролын яамнаас “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц ажлыг энэ сарын 22-ны өдөр Засгийн газраар батлуулжээ. Тэгвэл цогц ажлын хүрээнд долоон гол шинэчлэлийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Тодруулбал,

-Боловсролын шинэчлэл: Эко систем

-Багшийг ажлын ачааллаас чөлөөлье

-Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль

-Цахимжуулж чөлөөлье

-Хуурамч дүнгүй үнэлгээний систем

-Сайн засаглал

-Гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилт гэсэн чиглэлээр шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байна.

Энэхүү цогц ажлын “Багшийг ажлын ачааллаас чөлөөлье” гэх хэсэгт төрийн зардлаар суралцсан ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарын зардлыг нөхөн төлүүлнэ, багшийн дутагдалтай сургуульд очиж ажилласан залуучуудыг цэргийн алба хааснаар дүйцүүлэх зэрэг зүйлсийг тусгажээ.


Тэрбээр ярихдаа, “УИХ-аар Боловсролын багц хуулийг 2023 онд батлуулсан. Хуулийг баталснаар “Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль гэсэн үндэсний концепцыг гаргасан. Төр болон хувийн сургууль, хот болон хөдөөгийн сургууль, Хотын төв болон захын хорооллын сургуулийн хооронд сургалтын чанарын ялгаа гарсныг салбарын сайдаас эхлэн бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч, энэ хуулиар ялгааг арилгах зургаан том шинэчлэлийн тусгасан.

1-рт, Хөтөлбөрийн шинэчлэл: Энэ хүрээнд гаргасан графикийн дагуу явсан бол өнөөдөр 9-р анги Кембрижийн тогтолцоонд шилжих боломжийг алдсан. Энэ жил бид дөнгөж 1-р анги руу орох гэж байна буюу гурван жил алдсан.

2-рт, Сайн багшийн тогтолцоо буюу хамгийн шилдгүүд нь багш болдог тогтолцоог сэргээнэ.

3-рт, Хувьсах зардлын тогтолцоо буюу хүүхэд бүр төсөвтэй байх ёстой. Энэ тогтолцоогоор дамжиж төр хувийн сургууль, хот хөдөөгийн сургуулийн ялгаа арилна. 1-12-р анги тус бүрийн хүүхдийн хувьсах зардлын дүн өөр.

4-рт, Үнэлгээний тогтолцоо буюу хуурамч дүнгийн үнэлгээг хална. Багш, сургууль, сурагчийн үнэлгээг нэвтрүүлсэн.

5-рт, Сургуулийн менежментийн тогтолцоо буюу хамгийн шилдэг нь сургууль, цэцэрлэгийн захирал болдог тогтолцоог нэвтрүүлнэ.


2026 оны 9-р сарын 1 гэхэд төрийн өмчийн 700 гаруй сургуулийн захирлуудыг аттестадчилна. Багш нарын цалин нэмэгдсэнтэй уялдуулан багш нараас ур чадвар, бүтээмж шаардана.


Баян-Өлгий аймгийн сургуулийн монголоороо ярьж чаддагүй монгол хэлний багш нар, англиар ярьж чаддаггүй англи хэлний багш нарыг, ахлах ангийн зарим хичээлээ ойлгодоггүй математикийн багш нараас аттестадчиллыг эхлүүлнэ. Боловсролын чанарыг эндээс эхэлнэ” хэмээн онцоллоо.


Монгол Улс анх удаа PISA олон улсын чанарын үнэлгээнд шилжсэн. Байгалийн ухаан болон математикийн хичээлээр 15 настай хүүхэд үе тэнгийн хүүхдүүдээс 2-3 жилээр хоцорсон гэх үнэлгээний дүн гарсан. 2022 онд зарласан PISA үнэлгээний дагуу тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой байсан ч саарсныг салбарын сайд нь онцоллоо. Мөн нийслэлийн хүүхдээс сумын сургуулийн сурагч математикийн хичээлээр 2.5 жилийн хоцрогдолтойг, хоёр хүүхдийн нэг нь уншсанаа ойлгохгүй байгааг дурдлаа.  


Л.Энх-Амгалан сайд үргэлжлүүлэх ярихдаа, “Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль бодлогын хүрээнд сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Энэ нь хичээл, сурах бичиг, багш нарын ур чадвар, сургуулийн орчныг сайжруулах тухай ажил. Хөтөлбөрийн шинэчлэлээр дамжин монгол хүүхдэд оюуны, сэтгэлийн, биеийн тамир гэсэн гурван чадавхыг олгоё. Бидний өнөөдрийг хүртэл заасан хөтөлбөр хүүхдийг нүдлүүлж, цээжлүүлэхэд тулгуурлаж байна. Хүүхдийг шалгалтад биш амьдралд бэлтгэх тогтолцоог бий болгоно. ЕБС-ийн нийт сурагчдын гурван хувийг олимпиадад бэлддэг, 97 хувь нь сурлагын хоцрогдолтой байна” гэв.


Түүний танилцуулгад багшийн дутагдлыг нөхөх хэд хэдэн ажил багтжээ. Тухайлбал, сургалтын төлбөрөө төрөөр төлүүлсэн багш нарыг эргүүлэн ажиллуулах тодорхой алхмуудыг үе шаттай хэрэгжүүлэх нь ээ. Мэргэжлээрээ ажиллахгүй бол төрөөс гаргасан зардлыг нь төлүүлэх гэнэ. Мөн сүүлийн таван жилд ЕБС-иас сургуулийн менежент, эсвэл хамтран ажиллах нэрээр хувийн сургуулиуд хөтөлбөр хэрэгжүүлж төрийн сургуулийн маш олон шилдэг багшийг цалингаар татсан бөгөөд төрийн сургуулийн шилдэг багш нарыг сүүлийн гурван жилд цалингаар татсан бол тэр багш нарыг буцаан авахаар төлөвлөжээ. Буцаахгүй тохиолдолд хувийн сургуулиуд нөхөн төлбөр төлнө. Үүнээс гадна төгсөх ангийн оюутнуудыг ажлын байранд нь ажиллуулаад төгсгөхөөс гадна багшийг 100 хоногт бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.


Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг хөдөө орон нутагт багшаар ажиллуулна. Хөдөө ажилласнаар нь зээлийг суутган тооцно. Багш бэлтгэх чиглэлээр эдгээр ажлыг орон даяар үе шаттай хэрэгжүүлэхээ хэллээ. 





相关新闻