Хүсэлт гаргасан гадаадын иргэдийн оршин суух үнэмлэхийг хэвлэн олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” жанжин Д.Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэдэд виз мэдүүлэх, оршин суух зөвшөөрөл хүсэх, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоох, зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл өгч, хүсэлт гаргасан иргэдэд оршин суух үнэмлэхийг хэвлэн олгож байгаа аж.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд иргэдэд
салбарын бодлого, чиглэл, мэдээлэл, зөвлөгөөг шуурхай хүргэхийн зэрэгцээ
иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн,
төрийн зарим үйлчилгээ, лавлагаа мэдээллээр ханган ажиллана.
“Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш өндөрлөнө.


