Олон ястны өлгий нутаг гэхийн учир ийм...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймаг Монгол орны баруун хэсэгт Монгол Алтайн бүс, уулархаг хээр, бэсрэг цөл, ой мод, өндөр уулс, мөнх цас, мөсөн гол бүхий байгалийн эрс тэс уур амьсгал бүхий нутагтай. Говь, талын бүс нутагт аагим халуун шатаж байхад Мөнххайрхан, Жаргалант, Бумбат, Баатар, Цамбагарав, Хөх сэрх, Алтан хөхий, Сутай, Мянган угалзат, Гоо хайрханы оргилд цас бударч, хялмаа хаялж, хол ойрын гийчдийг алмайруулж сэрүү татуулан угтах билээ.
Ховд аймгийн нутаг эртний эрин галав, хүн төрлөхтний түүхийн хосгүй дурсгал палеонтологи, археологийн олон зуун дурсгалыг хөрсөн дээрээ, дороо агуулж байдаг байгалийн түүхийн музей, уран зургийн галарей, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч эх орончид эх нутгаа бурханаас ч харамласан газар шороо.
Энэ нутаг Алтайн урианхай, Дөрвөд, Захчин, Казах, Мянгад, Өөлд, Торгууд, Халх, Хошууд, Казах, Тува ястан, үндэстэний ёс заншил, соёл айлсан оршиж, хоршин сүлэлдэн байх эв эеийн орчлон.
Олон ястаны өлгий Ховд нутагт зочилсоноор Урианхайн тос даасан хурс амтлаж, товшуурын аялгуунд туульсийн баатаруудтай орчлонгоор аялаж, цуурын аялгуунд сэтгэлээ сэргээнэ.
Дөрвөд, захчины айргийн тос орхиж арвайн гурил цацсан аагтай шаргал цай ууж, шар тостой арвайн гурил амтлах зуураа икэлийн аялгуунд бийлэх жороо морьтонтой учирч өөрийн эрхгүй даган дууриана.
Торгууд нутагт зочлохдоо цоргот нэрлэгээр нэрсэн охийн аагыг гайхахдаа тоокуу госоо өмсөөд жудар, эрээн хавирга, их бага агсал бийний тавилт, сугсралт, солиболт бүхий баатарлах, агсарахуй хөдөлгөөнийг шимтэн харах болно.
Өөлд нутагт гал тамгатай шандаст хөлөгт дөрөөлж, ганзага имтэй сүргийн дэргэдүүр давхиж, бид чинь Галдан бошогтын удмынхан хэмээн хуучлах Цамбагарав хайрхан шиг буурлуудтай хуучлан сууна гэдэгт эс эргэлзэнэ.
Чандмань, Дарви, Цэцэг суманд Засагт ханы хөх эрчүүдтэй уулзан учрахдаа “арчуул” хийцийн мөнгөн эдлэлд нүд унагаж, үегүй юм шиг нугарах уран нугларалтаар мэлмийгээ мялааж, алтайн цэнхэр салхины исгэрэлт шиг хөөмэйн яруу тунгалаг аялгуугаар сонороо баясгах болно.
Хэрэг төвөг болгож газарчин эс дагуулан явахад чинь хөх үүд, хаяавч, цалам оосортой өргөө тааралдвал эрхэм та Мянгад түмэнтэй нүүр учирлаа хэмээн хэрэг зоригоо хэлж, “чонон саарал”-ын удмын шандаст хөлгийн аралжаа хийж, Хотгойдын буланд зочлоорой.
Урт уньтай, босоо хэлбэртэй, гоёмсог хээ угалзаар чимэглэсэн өвөрмөц нэгэн өргөөтэй Казах түмнийд зочлосон таныг элбэг баян “дастархан” дэлгэж, аагтай шаргал цайгаа аягалан сэтгэлийг чинь ханатал, ходоодыг тань дүүртэл цайлж, каз хэмээх амтат зоогоор дайлах зуур домбор хөгжмийн аялгуунд хүчит “киран” бүргэдийн хуйран шуугихыг сонсож, казах бүсгүйн уран үйлийн орчлонд нүдээ баясгаж, сэтгэлээ бадраах болно хэмээн Монгол улсын гавьяат багш, угсаатны зүй судлаач асан А.Баасанхүү багш дурсан ярьсан нь бий.
А.Бямбасүрэн