Зүүнбаянг сум болгох асуудлыг дахин хэлэлцэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-07 13:36:37

Монголын анхны нефть боловсруулах үйлдвэрийн төв, цэргийн хот байсан Сайншанд сумын V баг Зүүнбаян тосгоныг сум болон өргөжүүлэх асуудлыг арван хоёрдугаар сарын 05-нд хуралдсан  Дорноговь аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцлээ.

Сум болгох асуудлыг төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн хэдий ч өнөөдөр хилийн цэс  баталгаагүй, газар нутгийн хэмжээ тодорхойгүй, багийн засаг захиргаанд хуваагдаагүй зэрэг тодорхойгүй олон асуудал байгаа учир тогтоол гаргаж Засгийн газарт уламжлах боломжгүй гэж  үзэж дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр боллоо.

Хөрш сумдтайгаа газар нутгийн хэмжээ, хилийн цэсээ тохирох, багийн засаг захиргаанд хуваах зэрэг шаардлагатай олон асуудлыг шийдэхийн тулд ИТХ-аас Ажлын хэсэг гарч ажиллахаар төлөөлөгчид санал нэгдсэн аж.

Зүүнбаян баг одоогийн байдлаар 2364 хүн амтай, төрийн бүх үйлчилгээг хариуцсан  сумын хэмжээний бүтэц аппараттай дэд бүтэц илүү хөгжсөн суурин.

Сум байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн орон  нутгийн иргэдийн санал, ИТХ-ын шийдвэрийг үндэслэж Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийддэг хуультай аж.

Дорноговь аймаг одоо 14 сумтай.

Х.Эрдэнэбулган

相关新闻