МҮБХ-ны “Их эе” товлосон хугацаандаа болно гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ"Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит бус “Их эе”-ийн хурал энэ сарын 10-нд хуралдана гэсэн мээдээллийг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж уг хурал хууль бус хэмээн мэдээлэл түгээсэн талаар “Их эе”-ийг хуралдуулах Ажлын хэсгээс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийв.
Энэ хуралд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Тэргүүлэгчдийн гишүүн Э.Хүрэлбаатар, Цэцдийн зөвлөлийн гишүүн, Улсын начин Ц.Дуламсүрэн, Цэцдийн зөвлөлийн гишүүн, Хөвсгөл аймгийн Үндэсний бөхийн тэргүүн, МУГТ Г.Эрдэнэбаяр нарын хүмүүс оролцлоо.
"2002 оны 12 дугаар сард МҮБХ-ны IV “Их эе” их хурал болсон бөгөөд хурлаар бүх асуудлаа хэлэлцэж шийидвэрлэсэн ч ганцхан шийдвэрлэж чадаагүй тарсан асуудал бол МҮБХ-ны тэргүүнээ сонгож чадаагүй. Ингээд 14 жил энэ маргаан үргэлжилсээр өнөөдрийг хүрлээ. Улсын дээд шүүхээс 2003 оны 4 дүгээр сарын 18-нд Нийслэлийн шүүхийн дүгнэлт гарсан. 2004 оны 3 сар хүртэл хугацаанд багтаж МҮБХ хурлаа хийхийг үүрэг болгосон. Гэвч хурлыг хийлгүй явсаар Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байна. Түүнээс хойш маргаантай байсан дээрх асуудал энэ оны тавдугаар сард эцэслэн шийдэгдэж Үндэсний бөхийн “Их эе” хурал энэ сард хуралдахаар болсон. Харамсалтай нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-д болох хурлыг хуралдуулахгүй байх мэдэгдэл гаргасанд харамсаж байна” хэмээн Ү.Хүрэлбаатар хэлж байв.
Дархан аварга А.Сүхбат “Р.Нямдорж гуай уг хурлыг хийхгүй гэх худал мэдээлэл тарааж байна. Энэ хүн Монгол бөхөөр 26 жил тоглолоо, самарлаа, одоо болоо юм биш үү. Таны энэ үед шударга ариун байх ёстой Монгол бөх хээл хахуульд идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахад таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна. Монгол бөх цэвэр ариун бол Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө бид тэмцэж явна. Бид шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлнэ. МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хурлаа хийнэ гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.
МҮБХ-ны дүрмийн дагуу “Их эе” хурлын товыг 21 аймгийн Үндэсний бөхийн холбоо, бөхийн дэвжээний тэргүүн нарт мэдэгдээд байгаа бөгөөд аймаг тус бүрээс 8-10 төлөөлөл ирж 200 хүртэл гишүүнтэйгээр хуралдана. Хурлаар МҮБХ-ны тэргүүнийг сонгох юм. Монгол Улсын Аваргуудын зөвлөлөөс Л.Чинбатыг тэргүүнээр сонгох хүсэлтэй байгаа аж. Ийнхүү хэл ам тасардаггүй МҮБХ ээлжит бус “Их эе” буюу их хурлыг товлосон хугацаандаа хийнэ гэж Ажлын хэсгийн төлөөлөгчид мэдэгдлээ.
Д.Өлзий