Төөрсөн иргэний эрлийг түр зогсоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬСэлэнгэ аймгийн Хүдэр суманд самарт явж байгаад төөрсөн иргэний эрлийг түр зогсоолоо.
Тодруулбал тус сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан иргэн Г /38 настай, эрэгтэй/ өнгөрөгч 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон байна. Энэ талаар дуудлагыг 12 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, нийт 13 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр Баянцагаан багийн “Тогоот” гэдэг газрын орчимд эрэн хайсан юм. Гэвч энэ сарын 08-ны өдрийн 17:30 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоосон байна.
Үүнээс гадна Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн “Аргалантын дөрөлжийн ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ улсын дугаартай “Портер” загварын 3 зорчигчтой автомашин цасанд суусан байсныг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид цаснаас татан гаргаж аюулгүй болгожээ.
Н.Туяа