Ханги тосгоны Ажлын албыг батлуулахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хангийн боомтыг өргөтгөх, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, суурьшлын бүсэд Ханги тосгоныг эмхлэн байгуулах чиглэлээр орон нутгаас анхаарч ажиллаж байна.
Тус аймгийн ЗДТГ-аас Ханги тосгоны Захирагчийн Ажлын албыг 3-7 хүний бүрэлдэхүүнтэй баталж 2017 оны нэгдүгээр сараас эхлэн томилон ажиллуулахаар боллоо.
Захирагчийн Ажлын албанд ажиллах 4 хүний, цалин хангамж, бусад шаардлагатай зардлыг төсөвлөж энэ 12 дугаар сард багтаан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж батлуулахаар болсон аж.
Ингэснээр Ханги тосгонд шилжин суурьшигчдын нийгмийн асуудал, төрийн үйлчилгээ зэрэг нэн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болох юм.
Мөн тус боомтын орчимд гэрэл цахилгаан татах асуудлыг Хятадын талтай ярилцаж байгаа бөгөөд суурьшлын бүсийн хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн бие засах газрын асуудлыг шийдэх зэрэг тохижилт үйлчилгээний ажлыг хэрэгжүүлэхээр болов.
Дашрамд дурдахад Ханги боомтыг өнгөрөгч 2015 онд байнгын ажиллагаатай болгосон бол Зүүнбаянгаас Хатанбулаг сум дахь Ханги боомт хүртэл төмөр зам барих төрийн бодлого шийдвэрийн хүрээнд өнгөрөгч ёсдүгээр сард дээрх чиглэлийн төмөр замын трассын зураглалыг албаны хүмүүс хийж гүйцэтгэсэн.
Х.Эрдэнэбулган