Баяраар баталгаагүй хүнс хэрэглэхгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Хоолны хордлогоос урьдчилан сэргийлье" сэдэвт нэг өдрийн сургалт зохион явууллаа.
Сургалтаар дотоод хяналтыг чангатгаж, эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөн ажиллах талаар мэдээлэл хийж, оролцогчдыг дөрвөн бүлэгт хуваан "Эрүүл ахуйн зохистой дадал", "Технологийн горим", "Хадгалалт, тээвэрлэлт" сэдвүүдээр бүлгийн ажил явууллаа. Бүлгээр ажиллаж өөрийн мэдлэг чадвараа бусадтай хуваалцаж туршлага солилцсон нь сургалтыг илүү сонирхолтой болголоо.
Сургалтад зочид буудал, цэнгээний газар зэрэг олон нийтэд үйлчилдэг газруудын менежер, тогооч зэрэг 32 хүн оролцсон ба дөрвөн төрлийн 120 ширхэг гарын авлага зөвлөмжийг тараалаа.
Шинэ жилийн баяраар нийтийн хоолтой холбоотой зөрчил эрсдэл их гардаг. Хоол унд эрүүл ахуйн шаардлага хангаагүйн улмаас хүмүүс бөөнөөр хоолны хордлого болсон тохиолдол урд нь хэд хэдэн удаа гарч байсан. Иймд бид шинэ жилийн баярын өмнө ийм сургалт зохион байгуулдаг уламжлал тогтоосон. Баярын үеэр их хэрэглэдэг бялуу гэхэд 48 цаг л хадгалах журамтай. Манайхан амт чанартай хэмээн Улаанбаатараас бялуу авч хэрэглэдэг. Гэтэл тэр бялуу гурав дөрөв хоногт ирдэг. Иймд үйлдвэрлэх журам горимыг нь сайн баримтлуулан бялууг орон нутагт үйлдвэрлэж байна. Хугацаа алдсан салат болон хөлдсөн жимс жимсгэнэ, гаднаас оруулж ирсэн баталгаагүй архи дарс аюултай болохыг хэрэглэгчид санагтун гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч К.Майрагүл сонордууллаа.
Ш.Айзаря