Цаг агаарын мэдээг малчдад “масс мессеж” үйлчилгээгээр хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Дуут сумын Засаг дарга А.Энхбаяр ажилдаа томилогдоод удаагүй байгаа ч аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ирэх үеэр нь тус суманд өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.
Тэрээр Дуут суманд өвөлжилтийн байдал хүндрээгүй байгаа хэдий ч нутгийн удирдлагууд цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна гэв.
Тус сум өндөр уулын бүсийн хадлан ургац авдаггүй сумдын нэг. Иймд өвс тэжээлийн аюулгүйн нөөц, фондыг бүрдүүлэхэд онцгой анхаарч гэрээ хэлэлцээр байгуулан сумын баг, байгууллагуудын зүгээс малчдад туслах “Сайхан сэтгэлийн аян”-ыг сумандаа зохион байгуулж байна.
Одоогоор Дуут суманд Баян-Өлгий аймгийн Булган сумын нийт 14000 толгой мал, 40 орчим малчин өрх нүүдэл хийж ирсэн байна. Тэдгээр айлуудын өтөг бууц, бэлчээр усыг нь заан өгч, эмнэлгийн үйлчилгээнүүдийг бүрэн үзүүлж байгаа аж.
Дуут сум Хөдөөгийн баг, малчдад цаг агаарын мэдээллийг зарын самбаруудад өдөр бүр шуурхай гаргаж мэдээлдэг байна. Түүнчлэн цаг агаарын онцгой сэрэмжлүүлэг мэдээг “Масс мессеж” үйлчилгээгээр дамжуулан иргэдийн гар утсанд хүргэдэг байна.
А.Бямбасүрэн