БОАЖЯ эко сурагчдаар ажлын байрандаа үнэлгээ хийлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-12-14 17:47:03

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлийн хэлтсээс санаачлан Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Ногоон эдийн засгийн түншлэл, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, Монголын банкны холбоо, Ариг банк хамтран зохион байгуулсан “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяны үйл ажиллагааны үр дүнг танилцууллаа.

Аяны хүрээнд “Дэм дэмэндээ”, “Ногоон элч санаачилга”, “Тогтвортой хөгжил 2030:Төлөвлөлтөөс хэрэгжилтэд”, “Ногоон бизнес эрхлэгчид, үйлдвэр үйлчилгээний байгууллагаар зочлох автобустай аялал”, “Ногоон оффис” гэсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсан байна.   

Нийслэлийн ерөнхий боловсролын 5, 105, “Шинэ эхлэл”, 71 дүгээр сургууль, “Шинэ эрин”  зэрэг сургуулийн эко сурагчид  БОАЖЯ-ны ажлын байранд  нэг өдрийн ажиглалт, судалгааг хийжээ. Судалгааны үр дүнг хог хаягдал, дулаан, ус, гаднах талбай, цахилгааны хэрэглээгээр  дэлгэрэнгүй гаргаснаа танилцуулав.

Тус яамны ажлын байрнаас өдөрт 18.6 кг хог хаягдал гардгаас тал хувь  нь боловсруулаагүй цаас байгааг эко сурагчид тооцон гаргажээ. Мөн хог хаягдлыг ялгаж салгаж хаяхыг зөвлөлөө. Тус яамны ажилчид, албан хаагчид баримт бичгээ 12 фонтоор шивдэг. Хэрвээ 11 фонтын шрифтээр шивж хэвшвэл нийт цаасны 20-30 хувийг хэмнэх боломжтой аж. Ажилчид өрөөнөөсөө гарч, орохдоо цахилгаанаа бүрэн унтраадаггүй. Байгалийн гэрэл ашигладаггүй учраас “Ногоон ажлын байр” санаачилгыг эхлүүлж байгаа үүнд анхаарч ажиллахыг зөвлөв. Гаднах талбайд машины зогсоол, ажилчид амрах талбай /сүүдрэвч/, мод сөөгний тарилт, хогийн  сав   хангалтгүй байна. Нийт ажилчид сард хэрэглэх усандаа 1.2 сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ 00-оос алдагдаж байгаа болон  гар угаахдаа ашиглаж байгаа усны зарцуулалтад анхаарахыг зөвлөв.

Энэ үеэр аяны  хүрээнд БОАЖЯ-ны ажилчин, албан хаагчдын дунд “Ногоон хөгжил” илтгэлийн уралдаан зарласныг дүгнэж, шагнал гардуулсан юм.

Ж.Болор

相关新闻