Ч.Нандин-Эрдэнэ: Хүний эрхийн чиглэлийн боловсролыг иргэдэд түлхүү хүргэх нь хамгийн чухал зорилт
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬХүний эрхийн үндэсний комиссын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хүний эрхийн талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байх нь бий. Та маш товчхон тайлбарлаж хэлбэл?
-Хүн болж төрснийхөө хувьд заяагдсан ялгаатай байдлаас үл хамааран эдэлбэл зохих эрх чөлөөг хэлдэг. Хүн эхийн хэвлийд олдсоноос хойш насан хутагийг олтлоо л хүний эрхийн хамааралтай байдаг. Та зүгээр л хүн учраас эдэлвэл зохих эрх хэмжээг хэлнэ.
-Хүний эрхтэй холбоотой зөрчлүүд Дорноговь аймагт олон байдаг уу?
-Миний хувьд энэ албанд томилогдоод хагас жил гаруй болж байна. Хүний эрхийн Үндэсний комиссоос 2014 оноос эхлэн аймгуудад тус бүр нэг ахлах мэргэжилтэн ажиллаж эхэлсэн. Дээрх мэргэжилтнүүд орон нутагт иргэдийн тавьсан өргөдөл гомдол, санал хүсэлтийг нь сонсож шаардлагатай хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажилладаг.
Мөн Хүний эрхийн комисс гэж ямар байгууллага байдаг, юу хийдэг тухай иргэдэд мэдээлэл хүргэж байна. Бас хүний эрхтэй холбоотой асуудлаар сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулдаг. Одоогоор 50 гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 2000 гаруй иргэнд мэдээлэл хүргэж ажилласан.
-Хэдхэн хоногийн өмнө олон улсын Хүний эрхийн өдөр тохиосон. Энэ өдрөөр ямар ажил зохион байгуулсан бэ?
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-нд баталсан бөгөөд жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг болсон. Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэсэн.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд Дорноговь аймгийн бүх суманд мэдээлэл хүргэх зорилгоор сумын ЗДТГ-тай холбогдож байгууллага хамт олон болон иргэддээ мэдээлэл хүргэн, хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе уриалгад нэгдэж, байгууллагынхаа цахим хуудсанд байршуулан хамтран ажиллалаа. Мөн "Эрхээ мэдье" сургалтыг 180 гаруй иргэнд зохион байгуулж уриалга бүхий зурагт хуудас мэдээллүүдийг олон нийтийн сүлжээнд болон телевиз, мэдээллийн самбарт байршуулсан.
-Иргэдээс ямар асуудлуудыг голчлон тавьдаг бол?
-Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг ажиглаж байхад ихэнхдээ гэр бүлийн харилцаа хандлага, гэр бүл салалт, иргэн хоорондын харилцаатай холбоотой, газар өмчлөл, өмч хөрөнгийн асуудлууд зонхилдог.
Аймгийн хэмжээнд хүний эрхтэй холбоотой асуудлаар нөхцөл байдлын судалгааг зургадугаар сараас эхлэн хийж байгаа. Энэ нь эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал, сонгох сонгогдох эрх, ахмад настны эрх, мэдээллийн ил тод байдлын эрх, гэр бүлийн хүчирхийлэл ба хохирогчийг хамгаалах зэрэг эрхийг харуулсан ерөнхий дүн шинжилгээ.
Дээрх дүн шинжилгээг хийж холбогдох албаны хүмүүстэй уулзаж нөхцөл байдлыг танилцуулж ажилладаг. Аравдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл ба хохирогчийг хамгаалах эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийсэн. Монгол Улсын хэмжээнд гурван эмэгтэйн нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон мэдээлэл байдаг.
Үүнтэй адилхан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс маш нуугдмал дарагдмал байх нь бий. Тэр тусмаа орон нутагт хүмүүс бие биенээ таньдаг, мэддэг байдлаас болоод асуудлыг нууж дарагдуулж, Цагдаагийн байгууллагад хандаж чаддаггүй.
Аймгийн хэмжээнд холбогдох байгууллагуудад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тэдэн иргэн байдаг гэсэн албан ёсны нэгдсэн тоо баримтын хувьд дутагдалтай. Хүмүүс өөрийнхөө нэр хүндийг бодож хэсэг хугацааны дараа эмнэлгийн байгууллага руу ханддаг ч байдал бий. Тархи толгой өвдлөө, гэнэт татаж уналаа гэх зэргээр.
-Нэн түрүүнд тулгамдсан асуулын талаарх таны бодол ?
- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнийг хамгаалах байр аймгийн хэмжээнд байхгүй.Тэр хүнтэй ажиллах мэргэжлийн сэтгэл зүйч байхгүй байна. Мөн сум, багийн нийгмийн ажилтныг чадавхжуулах хэрэгтэй болов уу. Дээрх дүн шинжилгээг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, ХГБЗХГ,аймгийн Цагдаагийн газар, Сайншанд сумын ЗДТГ-ын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хамтарч мэдээлэл солилцож гаргасан байгаа.
-Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Тухайн иргэн өөрийнхөө эрхийг зөрчигдлөө гэж үзсэн тохиолдолд Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргана.Тухайлбал, та надад гомдол ирүүллээ гэж үзэхэд би үүнийг хянаж үзээд Хүний эрхийн үндэсний комисст явуулж яг ямар ажиллагаа явуулах талаар шийдэлд хүрнэ гэсэн үг.
Мэдээж гомдол шийдвэрлэх хугацаа хуулийн дагуу 30 хоног, шаардлагатай тохиолдолд 60 хоногт шийдвэрлэнэ. Гомдлыг хүлээж аваад шаардлага, зөвлөмжийг гаргадаг. Жишээлбэл, тухайн иргэний эрхийг зөрчсөн этгээд шаардлагыг 7 хоногийн дотор, зөвлөмжийг сарын дотор биелүүлэх үүрэгтэй байдаг.
Манай байгууллагын хувьд төрийн болон төрийн бус бүх л байгууллагуудтай хамтарч ажилладаг. Мөн иргэд гомдол гаргасныхаа дараа буцаая гэх асуудал гардаг
-Хүмүүс өөрт буй эрхээ хэр сайн мэддэг вэ?
-Хүмүүсийн зарим нь өөрт нь тулгамдсан асуудлыг миний эрх зөрчигдлөө гэж ойлгоод байдаг. Эсвэл хүний эрх гэдгийг амьд явах, сурч боловсрох төдийхнөөр ойлгодог. Гэтэл цаана нь тэтгэвэр тэтгэмж авах, оролцох, өмчлөх, үзэл бодолоо илэрхийлэх, өргөдөл гомдол гаргах, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэх мэт маш олон эрх байдаг.
Тиймээс орон нутгийн хувьд хүмүүст хуулиар олгогдсон эрхийг нь хэлж өгөх, эрхээ хамгаалахад туслах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэгт түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Хүний эрхийн чиглэлийн боловсролыг иргэдэд түлхүү хүргэх нь хамгийн чухал зорилт. Мөн Хүний эрхийн комиссоос баталсан сар бүр хийх ажлын төлөвлөгөө бий. Орон нутаг дахь мэргэжилтнүүд мөн л сар бүр хийх ажлын төлөвлөгөө гаргаж төв байгууллагадаа хүргэж хэрэгжилтийг тайлагнадаг.
Мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн телевиз, радио, сонин хэвлэлийн газруудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Цаашид сургалт сурталчилгааны ажлыг маш сайн зохион байгуулж олон иргэдийг хамруулах, дээрээс нь иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээллийг өгөх, аймгийн хэмжээнд хүний эрхийн чиглэлээр нөхцөл байдлыг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, сумдад мэдээлэл хүргэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
-Сүүлийн үеийн зохион байгуулсан ажлаасаа товч дурдах уу?
-2016 оны байдлаар 20 гаруй удаа хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулж 1200 гаруй иргэн хамрагдсан байна. Мөн Хүний эрхийн чиглэлээр гарсан ном гарын авлагыг 525 иргэнд өгч мэдээллээр хангалаа.
Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хүргэж, хүүхдийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн Айраг сумын бичил уурхай эрхлэгчдэд мэдээлэл зөвлөмж хүргэж сургалт зохион байгуулсан, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг, нээлттэй хаалганы өдөрлөг, Цагдан хорих байранд хяналт шалгалт хийсэн, сургалт сурталчилгааны ажил, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгсөн, тодорхой эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийсэн гээд олон ажлууд бий.
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ганцхан хүн Дорноговь аймагт ажилладаг гэж ойлгож болохгүй.Төрийн байгууллагууд, орон нутгийн өөрөө удирдах байгууллага /бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга,/ Хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллага буюу Хүний эрхийн комисс, иргэний нийгмийн байгууллагууд байдаг. Иймд иргэд өөрийн эрхийнхээ төлөө алхам хийж байх хэрэгтэй
Х.Эрдэнэбулган