Т.Энхтүвшин:Уул уурхай, аялал жуулчлал, боловсрол зэрэг тэргүүлэх салбарыг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-18 17:28:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй  ярилцлаа.

Ярилцлагын эхэнд түүний эзэмшсэн боловсрол,  хийж байсан ажил албын талаар товчхон өгүүлье.

Т.Энхтүвшин 1973 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 1999 онд Санхүү, Эдийн засгийн сургууль болон Орхон их сургуулийг Эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжил, 2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар  тус тус дүүргэжээ.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын газарт улсын ахлах байцаагчаас ажлын  гараа эхлээд хэлтсийн дарга,Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга, ЗДТГ-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга гээд төрийн албанд 20 гаруй жил  ажиллаж туршлага хуримтлуулжээ.

Тэрээр 2015 оноос Дорноговь аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар сонгогдон ажилласан бөгөөд  2016 оны орон нутгийн сонгуульд намаараа үнэмлэхүй ялалт байгуулснаар аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

 -Сайхан өвөлжиж байна уу? Дорноговь аймагт өвөлжилт өнөтэй байна уу ?

-Сайхан өвөлжиж байна. Одоогийн байдлаар ихэнх суманд цас бага хэмжээгээр жигд орсон. Хүйтний эрч харьцангуй сул, өнөтэй сайхан өвөлжиж буй.Өвөлжилтөд бэлтгэх Засгийн газрын  албан даалгавар, аймгийн Засаг даргын албан даалгавар тус тус гарч өвс тэжээл нөөцлөх, отрын бүс нутгийг сонгох гээд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

-12 дугаар сарын эхээр аймгийн ИТХ хуралдаж ирэх оны төсөв, Үндсэн чиглэл, 2017 оны мөрийн хөтөлбөр зэрэг олон асуудлыг хэлэлцэж баталсан. Ирэх жилийн хувьд төсөв санхүүгийн хувьд  ямархуу байх төлөв харагдаж байна?

-Аймгийн  төсөвт энэ оны  есдүгээр сард тодотгол хийж зарим хэрэгжүүлэх боломжгүй төсөл арга хэмжээг танасан. Мөн  өмнөх Засаг даргын энэ оны хоёрдугаар хагаст хийх ажлын жагсаалтыг мөрийн хөтөлбөрөөс хасаж өөрийн хийхээр төлөвлөсөн ажлуудаа 2016 оны Үндсэн чиглэлд тусгаж хэрэгжүүлж ирлээ. Энэ оны 12 дугаар сарын 05-нд аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн Засаг даргын  үйл ажиллагааны  2016 оны Үндсэн чиглэл, 2012-2016 оны  мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнасан.

Өмнөх Засаг даргын ажил надад хамаагүй, ажил хүлээн авснаас хойшхи ажил надад хамаатай гэж болохгүй. Төрийн алба залгамж халаатай байх ёстой. Тиймээс өнгөрөгч дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг нийтэд нь тайлагнасан. Мөн 2016 оны төвсийн гүйцэтгэлийг ч тайлагналаа.

Аймгийн орлого тасарчихсан байгаа. Үүнийг дахин дахин яриад яахав. Газрын дуудлага худалдаанаас орох орлого  1.3 тэрбумаар тасарчихсан байх жишээтэй. Бусад төрлийн орлогууд ч мөн тасарчихсан. Орлого олох ямар боломж бйгаа, эх үүсвэрийг  яаж олох талаар судалж  байна. Жилийн эцэст тодорхой хэмжээний өр авлагатай гарна. Энэ өр авлагыг 2017 оны орлогоос төлөх нь гарцаагүй.

-Дорноговь аймаг цаашдаа хөгжлийн бодлогодоо ямар тэргүүлэх чиглэлүүдийг нэн түрүүнд тусгаж ажиллах вэ?

-Эхний тэргүүлэх зорилт уул уурхайн бүтээн байгуулалт. Монгол Улсын барилгын салбарын цементийн нийт хэрэглээний 60-70 гаруй хувийг дангаараа хангах хоёр том үйлдвэр Дорноговь аймагт сүндэрлэн босч байна. “Мон полимет” группын  “Мон цемент” мөн “МАК” ХХК-ийн Даланжаргалан сум дахь Хөх цавын цементийн үйлдвэр. Дээрээс нь Цагаан суваргын зэс баяжуулах үйлдвэр гээд томоохон төслүүд бий.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь биш баяжуулж боловсруулсан бүтээгдэхүүн болгож зах зээлд  гаргах. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дагаад  олон зуун ажлын байр бий болж  орон нутгийн ард иргэд ажилтай орлоготой сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ. Хоёр дахь нь  аялал жуулчлалын салбар. Дорноговь аймаг дэд бүтэц хөгжсөн давуу байдлаа ашиглаж  наад захна Эрхүү, Улаан-Үд болон хөрш БНХАУ-аас өвөрмонголчуудаа хүлээн авч аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх боломжтой.

Гуравдугаарт мал аж ахуйн салбарыг хөгжүүлнэ. Яг ийм давуу байдал манай аймагт байгаа. Хэрэв ээ Ханги боомтоор  мах хилээр гаргах боломж гарвал малчдын орлого эрс нэмэгдэнэ. Гэхдээ махаа зах зээлд зохистой байдлаар нийлүүлэх хэрэгтэй. Дөрөв дахь нь оюуны салбар. Дунд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд, Их сургуулд сурч байгаа оюутнуудаа дэмжиж нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг  гадаад дотоодод бодлогоор бэлтгэж орон нутагтаа  ажиллуулах гээд олон зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан.

-Ирэх онд өрнүүлэх бүтээн байгуулалтад  хангалттай төсөв батлав уу?

-Ирэх жил бол бүтээн байгуулалтын жил болно. Төсөв санхүүгийн хүндрэл их байгаа тул аймгийн төсвийн орлогоор төдийлэн том бүтээн байгуулалт  хийх боломж хомс. Зөвхөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө л гэхэд түрүү жилийнхээс 30 гаруй хувиар багассан.Тэгэхээр бид өөр эх үүсвэрээр мөрийн хөтөлбөрт тусгасан ажлаа эхлээд явна.

-Концессоор мөн хувийн хөрөнгө оруулалтыг татна гэсэн үг үү?

-Тийм. Иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах зорилтын хүрээнд орон сууцны барилгыг барина. Энэ оны наймдугаар сард Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт дөрвөн блок барилга, Замын-Үүд суманд  гурван блок барилга эхлүүлсэн. 2017 онд Сайншанд сумын хэд хэдэн газарт хямд үнэтэй барилгын ажлыг эхэлнэ. Сайншандын төв хэсэгт газрыг хүмүүс өмчлөөд авчихсан атал харамсалтай нь барилгаа барьдаггүй, хашаагаа хатгадаггүй, ажлаа явуулдаггүй хэдэн жил болчихсон байх жишээтэй.

Бид газрын эзэдтэй уулзаж асуудлыг тавьж шаардлагатай тохиолдолд өөр байршилд  газар олгоё гэдэг санал тавьж ойлголцсон. Газрын тухай хуулийн 40.1.1,40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаанд зориулалтын дагуу  эзэмшилт газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газрын эзэмшлийг төр буцааж ашиглана гээд заачихсан байдаг. Гэтэл газар авсан хүмүүс цааш нь дамлаж зарахын төлөө л байх. Төр хэн нэгнээс айгаад  “Тэгчих болов уу яах бол” гэхгүйгээр  олигтой шинэчлэл өөрчлөлт хийж ажиллах ёстой.

-Газрыг дахин төлөвлөлтөд оруулах замаар бүтээн байгуулах нь ээ?

- Ийм газруудыг дахин төлөвлөлтөд оруулаад орон сууцны барилга барина. Бид дээрх бүтээн байгуулалтыг УИХ-ын гишүүнтэйгээ, Орон сууцны корпорцитай хамтран хэрэгжүүлэх юм. Ажлыг аль болох түргэн хугацаанд чанартай гүйцэтгэхээр ажиллаж байна. Энэ оны наймдугаар сард эхэлсэн орон сууцны барилгын суурийг хүйт орохоос өмнө гүйцэтгэлээ. Ирэх жил ашиглалтад оруулна. Ажил ямархуу хурдтай явж байгааг сэтгүүлч та харсан  байх. Үнийн хувьд 650.000 төгрөг. Хямд үнэтэй чанартай орон сууц барихад орон нутгаас  газрын асуудал, дэд бүтэцийг шийдвэрлэж байгаа. Барилгын  ажлыг чанарын өндөр түвшинд хийх шаардлагыг л барилгын компанид тавьсан.

Дорноговь аймагт өмнө нь баригдсан зарим барилгууд чанарын шаардлага хангахгүй байна. Ялангуяа дулаалгыг нь гадна талд нь бус, дотор талд нь хийх шаардлага тавьж байгаа. Хөөсөнцрөөр гадна талд дулаалга хийчихдэг, гэтэл хэсэг хугацааны дараа барилгын гаднах хананы будагнаас эхлээд хуураад уначихдаг. Би олон жил мэргэжлийн хяналтын салбарт ажилласан учраас сайн мэднэ. Барилгын үндсэн хийцийг гадны компаниар, харин засал чимэглэлийг дотоодын компаниар бариулна. 

Мөн Сайншанд суманд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг, зургадугаар багт Иргэдийн хөгжлийн төвийг тус тус барина. Усан спорт сургалтын төвийн барилгыг өргөтгөөд хоёр давхарт нь фитнес, аэробекийн төв болгож өөрчилж шийдвэрлэхээр төлөвлөсөн. Энэ жил их хүйтэн байх прогноз байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу Сайншандын төв болон төмөр замын  суурингийн хэдэн хуучин байшингуудын дээврийг засварлаж, цонх хаалгыг нь нэг удаа дулаалах ажлыг  хийгээд өгчихье гэж ажиллаж байна.

-Сумд руу чиглэсэн ажлаас тоймловол?

-Мэдээж хэрэг сумд бүрт чиглэсэн бодлого баримталж байгаа. Ард иргэдийнхээ соёл, урлагийн эрэлт хэрэгцээнд зориулж кино театр барихаар төлөвлөсөн. Мөн Айраг, Алтанширээ, Эрдэнэ суманд нийтийн орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Сумын иргэд яагаад заавал модон жорлонд бие засаж, худгаас усаа авч байх ёстой гэж? Саяхан би орон сууцны корпорацийн удирдах нөхөдтэй ярилцаж дөрвөн тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Сумдуудад төвлөрсөн нэг л инженерийн шугам сүлжээ, цэвэр бохир, боловсон 00-ын асуудлыг шат дараатай шийдэхээр төлөвлөж байна. Ядаж сумдуудыг хэрэглээний халуун устай, 00-ын асуудлыг шийдэж чадвал  цаашдаа бусад сумдад хэрэгжүүлэх болно. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотын төв замыг асфальтан хучилттай болгох зорилтын хүрээнд эхний ээлжинд 3.2 км замыг  асфальтан хучилттай болгоно.

-Аймгийн төв, суурин газрын төлөвлөлт, тохижилтын ажлын тухайд?

- Ялангуяа Сайншанд хотын төвийн хуучин хэдэн цэцэрлэгт хүрээлэнг өөрчилж  шинэчлэх зорилт тавьсан. Ашиглахгүй байгаа зай талбайг төлөвлөж Соёл амралтын хүрээлэн барьж тохижуулья. Зам дагуу  ямар ч газар өртөг өртөгтэй байдаг. Ялангуяа аймгийн төв гудамж дагасан  байшингийн эзэдтэй уулзаж байшингаа  өөрчлөх, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн барилга бариач гэдэг санал тавьсан. Жишээ нь хүн ихээр зорчдог “Алтанговь” худалдааны төвийн гаднах талбайг тохижуулж “Дорноговь 80” цогоцлборыг өргөжүүлэх  шаардлага байгаа.

 Сайншандын шинэ төлөвлөлтийг баруун зүгт шинэ  уурын зуухныхаа цаана нь хийчихсэн юм билээ. Гэтэл тэнд нь  барилга бүтээн байгуулалт хийлээ ч төрийн үйлчилгээнээс хол, цэцэрлэг сургууль  байхгүй учир хүн амьдрахгүй,  бололцоогүй байх жишээтэй.Тэгэхлээр тийм газарт дахин төлөвлөлт хийж байж л иргэдийг суурьшуулна.

-Төвийн эрчим хүчинд холбогдоогүй Мандах, Хатанбулаг сумыг цахилгаанаар хангах ажил ямар шатанд явж байна?

- Нэн түрүүнд шийдвэрлэх асуудал энэ юм. Монгол Улсын хэмжээнд  төвийн эрчим хүчинд холбогдоогүй хоёрхон сум байгаа нь манай аймагт байна. Энэ оны арван нэгдүгээр сарын 07-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мандах суманд ажиллах үеэр Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчээр холбох агаарын шугамын ажил байдал болон шаардлагатай асуудлыг шийдвэрлүүлэх саналыг тавьсан. Эдгээр сумыг төвийн эрчим хүчинд холбох ажлыг эрчимжүүлж, шийдвэрлэх үүргийг харьяа салбарын сайд, холбогдох яам, тамгын газар, төсөл хэрэгжүүлж байгаа компанийн удирдлагуудад өгснөөр ирэх оны цагаан сар гэхэд дээрх сумд  төвийн эрчим хүчинд холбогдох боломжтой болно.

-Ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна?

-Уул уурхайн лицензийн тоогоороо улсад тэргүүлдэг ч орон нутгийн иргэд нь хангалттай  ажлын байргүй, авдаг цалин хөлс нь амьдралд хүрэлцээ муутай байдаг, уул уурхайн компаниуд нь ашиг орлог олдог ч орон нутгийн хөгжилд анхаардаггүй, үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй тийм л байдалтай олон жил явж ирсэн.

Энэ байдалд эрс шинэчлэл хийлээ. Дорноговь аймагт уул уурхай эрхэлдэг л бол уг компани ажиллах хүчний нөөцийнхөө 60 хүртэлх хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх, шаардлагатай бараа, ажил үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүнийг сум, орон нутгийн ААН, иргэдээс худалдан авах, байгаль орчны болон нийгмийн хариуцлагыг шинэ шатанд гаргах зэрэг  орон нутгийн иргэдийн  эрх ашигт нийцсэн  заалт бүхий гэрээг уул уурхайн компаниудтай байгууллаа.

Уул уурхайн компаниудад орон нутгаас хэдэн зүйлийн шаардлага тавьж байгаа. Татвараа хугацаандаа төлчих, орон нутгийн  иргэдийг ажлын байраар ханга, замаа засаад тээврээ  хий, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг байх.

Дараа  жилийн эцсээр гэрээний хэрэгжилтийг дүгнэж цаашид тухайн компанитай ажиллах уу, үгүй юу гэдгээ шийднэ. Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг  “МАК” компанийн "Хөх цавын"  цементийн үйлдвэр ирэх оны дөрөвдүгээр сарын үед ашиглалтад орно. Үүнтэй холбогдуулж ажиллах хүчнийг Дорноговь аймгийн сумдаас бэлтгэх санал тавьсан.

Энэ бол нэг л жишээ. Мөн МСҮТ-ийг түшиглэж цементийн үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх талаар ярьж тохирсон. Учир нь МАК-ийн цементийн үйлдвэр дөрөвдүгээр сараас ажлаа эхэлчих учир өмнө нь боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай. Он гаргаад “МАК”  компанитай хамтарч аймгийн төвд хөдөлмөрийн яармаг  зохион байгуулна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн яармагаар хүмүүсээ бүртгээд, аймгийн МСҮТ-д богино хугацааны сургалтад хамруулаад шууд үйлдвэртээ авч ажлын байраар хангана гэсэн үг.

Харин компаниас ажиллах хүмүүст шалгуур тавих нь мэдээж. Тэр шалгуурыг нь иргэд хангах ёстой. Хамгийн гол нь орон нутгийн залуус бие бялдар, эрүүл мэндээр тэнцэх ёстой. Цаашдаа аймгийн МСҮТ-ийг Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа компаниудад ажиллах ажилтныг бэлтгэх, давтан сургах сургалт явуулахад үйл ажиллагааг нь чиглүүлэх нь зөв юм байна гэсэн бодолтой байгаа. Энэ талаар ХНХ-ын дэд сайдтай тохирсон. Өөрөөр хэлбэл аймгийн МСҮТ нь  төгссөн боловсон хүчнээрээ Дорноговь аймагт уул уурхайн томоохон мега төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын ажиллах боловсон хүчнийг хангахад л анхаарч ажиллах болно.

-Төмөр замчдыг  орон нутагт бэлтгэх боломж бий юу?

-Төмөр замын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч ажиллана. Засгийн газрын тогтоол гарч Зүүнбаян-Ханги боомт чиглэлийн төмөр зам барих трасс батлагдсан.  Цаашдаа  Өмнөговь, Дундговь гээд аймгуудад төмөр зам тавих шаардлага гарна. Тийм учраас  төмөр замд  ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг МСҮТ-өөр дамжуулж  бодлогоор бэлтгэх  шаардлага гарч байна. Сайншандад төмөр замын мэргэжилтэн бэлтгэдэг нэг тмс байдаг юм байна. Хүүхдээс мөнгө авдаг хэрнээ багш байхгүй зэрэг янз бүрийн л юм яригдах юм.

Төмөр замын депод ажилладаг хүнийг урьж хичээл заалгадаг ч гэх шиг. Энэ талаар төмөр замын удирдлагатай  яриахад дэмжиж  хүлээж авсан. Монгол Улсын нийт төмөр замын 60 гаруй хувь Дорноговь аймгийн нутгаар дамждаг.

Тэгэхлээр Дорноговь аймгийн төмөр замчдыг нутагтаа бэлтгэх боломж байна. Жишээ нь Говьсүмбэр  аймгийн МСҮТ-ийн үйл ажиллагаа маш сайн байгаа. “Оюутолгой”, “Шивээ-Овоо” зэрэг томоохон компаниудтай гэрээ байгуулж захиалгаар ажилтан бэлтгэдэг. Тэдний хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж суурилуулж Төмөр замчдын ихэнх нь гаднаас ирж ажиллаж байна.

-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр ямар бодлого баримтлах вэ?

-Хамарын хийд-Ханбаянзүрх хайрхан-Энергийн төвийн чиглэлээр аялах маршрут боловсруулж байна. Дорноговь аймагт  жуулчин  хүлээж авах боломжтой гарц бол манай урд хөрш,  бас хойд хөрш.

Саяхан би БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт явж байхад нэг сонин юм ажиглагдсан.Тэнд манай Равжаа хутагт, Хамарын хийдийг мэдэхгүй хүн ховор аж. Уул овоогоо тахьдаг, удам судраа дээдэлдэг ёсоо хадгалсаар үлдэж. Нэг жалга давахад л хадаг яндартай овоо нь тааралдаж байх жишээтэй. Өвөрмонголчууд Монголд зочлохыг их хүсдэг юм байна. Үүсэл гарвал, соёл зан заншлаа бодож, давуу талаа ашиглаж Өвөрмонголчуудыг  аялуулах боломжтой.

Мөн ОХУ-ын Эрхүү хоттой хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Засаг даргын орлогч ажиллаад ирлээ. Өнөөдөр Итгэлт хамбыг үзэх гэж хэдэн зуун мянган хүмүүс  зочилдог. Бид Эрхүүгийн Багшийн Их сургуулийн хэсэг оюутныг Дорноговь аймагт урьж ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заалгаж, багш нартайгаа танилцуулах ажлыг зохион байгуулсан. Энэ мэтээр бид юун түрүүнд хоёр хөршөөсөө жуулчин авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

-Гадаадын иргэд Монголд зочлоход визний асуудал  хүндрэлтэй байдаг уу?

- Хятад Улсын иргэдийг  Дорноговь аймагт нэгээс хоёр өдөр аялуулах боломжийг хангаж  виз олгож өгөх талаар ГХЯ-д санал тавьсан. Энэ талаар Хятадын Элчин сайдтай уулзсан. Хэрэв ийм боломж хангагдвал урд хил дээрээс Хятад иргэдийг автобусаар нааш нь тээвэрлэж  зочид буудлуудаар байршуулж, Сайншанд хотод Саран хөхөө театрт үндэсний урлагийн тоглолт үзүүлж, байгалын түүхийн музей, Ноён хутагтын музейг үзүүлж, хамарын хийдээр зочлуулан, хорхог зэрэг үндэсний хоолоор дайлж, эргүүлээд автобусанд суулгаад явуулчихдаг байдлаар аялал жуулчлалын салбараас  ашиг олох боломж бий.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УБТЗ-тай ярьж Сайншанд-Замын-Үүд-Эрээний чиглэлд railbus аялуулахаар тохиролцсон. Дорноговь аймагт 2015 онд 95  мянган жуулчин ирдэг гэсэн тоо гараад байдаг.

Гэтэл хэдэн арван мянган жуулчин ирчихээд байхад эдийн засаг нь  яагаад өсөхгүй байна вэ? гэсэн асуулт тавигдлаа.Судлаад үзэхэд ирсэн хүмүүст Хамарын хийд дээр билет тасалдаг. Гэтэл тэнд нутгийн иргэд ороод гарч л байдаг, хол ойроос ирсэн сүсэгтэн, эргэл мөргөлчид ирээд буцаж л байдаг. Тэр болгоныг тоолсоор байгаад ийм тоо гаргачихдаг.

Аялагч жуулчин гэж хэнийг хэлэх вэ гэдэг нь их сонирхолтой. Гадаадаас ирсэн хүн “Саран хөхөө” театрт  урлагийн тоглолт үзээд,  замаараа  түүхийн болон ноён хутагын музейгээр ороод, буудалд хоноглоод, нийтийн тээвэрт мөнгө төлөөд дор хаяж 500 мянган төгрөг орон нутагт үлдээгээд явж байгаа хүнийг жуулчин гэдэг юм байна.

Гэтэл  хөрш Хэнтий аймагт жилд найман мянга гаруй л жуулчин ирсэн байх жишээтэй. Энэ бол бодитой тоо. Тиймээс бид статистик тоогоо бодитой болгохоос гадна тээврийн үйлчилгээгээ аюулгүй байлгах, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх, боловсон 00, цэвэр бохир усны асуудлаа шийдэх,буудлууд стандарт шаардлагаа хангах, жуулчны аюулгүй байдлыг хангах  асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй боллоо.Бид УИХ-ын гишүүнтэйгээ, шат шатны яам, тамгын газартай, хувийн хэвшлийнхэнтэй хамтраад томоохон бүтээн байгуулалтыг хийхээр зорьж ажиллаж байна.

-Ажлын сахилга хариуцлага Дорноговь аймагт ямархуу байна?

 Аж ахуй нэгжүүд, төрийн албан хаагчдад  нэг л шаардлага тавьж байгаа. Төрийн албан хаагч нь ажлаа сайн хий!, хариуцлагааа ухамсарла. Уул уурхайн компаниуд  замаа засаад тээврээ хий,  аж ахуй нэгжүүд хугацаандаа татвараа төл харьяалах гудамж талбайгаа зас,стандарт шаардлагыг ханга, гаднах гэрэлтүүлгээ хийж, хогоо цэвэрлэ гэх зэргээр. Нэг компанийн, эсвэл нэг хувь хүний хариуцлагагүй байдлаас болж, нийт хүмүүсийн эрх ашиг хохирч болохгүй.

-Үндэсний мэдээллийн “Монцамэ” агентлагаас хуучин монгол бичгээ хойч үедээ сургаж өвлүүлэх,  эх хэлний боловсролын талаар тодорхой ажлыг зохион байгуулах саналыг танд тавьсан. Энэ ажил ямархуу шатанд явж байна?

-Санаачилгыг дэмжиж байгаа. 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт монгол бичгийг сэргээн дэлгэрүүлэх, сургаж өвлүүлэх, монгол бичгийн заах арга зүй, цахим хэрэглээг төлөвшүүлэх  заалтыг тэргүүлэх зорилт болгон тусгасан. Үүнээс гадна боловсрол соёлын байгууллагууддаа үүрэг өгч УИХ-аар баталсан Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, эх хэлээ судалж мэдэх, үндэсний монгол бичгээ сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэд хөтөлбөрийг санаачлан боловсруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулахад бэлэн болсон. Дэд хөтөлбөрөө батлуулсны дараа ирэх оны хоёрдугаар улирлаас эхэлж  үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлнэ.

Х.Эрдэнэбулган

 

  

相关新闻