Төв аймгийн Төсвийн орлого бүрдүүлэлт 9.4 хувиар өсөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Статистикийн газраас энэ оны эхний 11 сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулав. Төсвийн орлого бүрдүүлэлт аймаг орон нутагт 12.2 тэрбум төгрөг төвлөрүүлснээс, зарлага 61.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2015 оны мөн үеэс 9.4 хувь буюу төсвийн орлого бүрдүүлэлт 1.1 тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг Төв аймгийн Статистикийн хэлтсийн дарга Ж.Отгончулуун хэллээ.
Төв аймагт бусад орон нутгаас 2204 хүн шилжин ирсэн бөгөөд 2490 хүн бусад аймаг орон нутаг руу шилжин явсан гэдгийг Төв аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлсэн юм. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настны тэтгэвэр тэтгэмжид Нийгмийн халамжаас 10.8 тэрбум төгрөгийг, Нийгмийн даатгалаас 40.5 тэрбум төгрөгийг зарцуулсан аж.
Хүн амын хувьд Төв аймаг 2016 он гарснаар эхний 11 сарын байдлаар 1933 хүүхэд шинээр мэндэлж бүртгүүлсэн бөгөөд 558 хүн нас барсан байна. Харин өмчийн аж үйлдвэрийн хувьд аймгийн хэмжээнд энэ оны 11 сарын байдлаар нийт 41 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэжээ. Хэрэглээний үнийн индекс хувьд өмнөх сартай харьцуулахад 0.99 хувиар өссөн дүнтэй байна.
Мөн Төв аймгийн Цагдаагийн газар энэ оны 11 сарын байдлаар 786 гэмт хэрэг бүртгэгдэж 787 хүн холбогдсон бөгөөд төр, иргэдийн өмчид 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Т.Есүхэйтөмөр