Таван цулыг чанахад бэлэн болгон савлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМалын дайвар бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд зориулан хэрэглэхэд дөхөм болгож савлан худалддаг жижиг үйлдвэрлэлийг Сайнцагаан сумын Тэвш багийн малчдын бүлэг эрхэлж байна. Тус бүлэг бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотод худалддаг болжээ.
“Аймгийн төвийн хүнсний захад айраг зараад зогсч байхдаа малын цувдайг авах хүн тэр бүх байхгүйгээс олноор хаягддагийг анзаарсанаар бизнесийн энэ санаагаа олсон” гэж “Алтан тэвшийн хишиг” малчны бүлгийн ахлагч Ш. Нямсүрэн ярьж байна. Тэрээр ХААИС- ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, хорь гаруй насны залуу. Тэвш багийнхаа арав гаруй малчныг бүлэг болгон нэгтгэснээр жижиг үйлдвэрлэлээ эхэлжээ. Цувдайг цэвэрлэж, элэг, зүрх, бөөр гэх мэтээр төрөлжүүлэн тус бүрийг вакумжуулан савладаг. Энэ нь худалдан авсан хүнд ашиглахад бэлэн болгож өгснөөрөө онцлог бөгөөд тухайлбал савласан бөөр 300 төгрөгийн үнэтэй бол хуйхалсан толгой 2 мянган төгрөг, 5 цулын цуглуулга болгон савласан нь 2800 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг ажээ.
Нойр булчирхайн өвчнийг анагаахад хонины салбан сархинаг ашигладаг. Үүнийг мөн савлаж байна. “Салбан сархинагийг Улаанбаатар хотод нэг ширхэгийг 1000 төгрөгөөр худалддаг юм билээ. Харин бид эмчилгээнд зориулсан 7 ширхэгээр нь савлан 2500 төгрөгөөр худалддаг” гэж Ш.Нямсүрэн сонирхуулсан юм. Тэрээр Улаанбаатар хотын Толгойт, Чингэлтэй, Баянхошуу, 3- р хороололд орших зарим хүнсний дэлгүүрт бүтээгдэхүүнээ өгдөг ажээ.
Малчид малын цувдайг тасралтгүйгээр нийлүүлж байна. Нэг ширхэг цувдайг 500 төгрөгөөр үнэлж авдаг бөгөөд худалдан авалт байхгүйгээс хаягдах шахам байдаг цувдайг ийнхүү мөнгө болгож байгаад малчид талархалтай байна.
Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны гамшгийн үеийн яаралтай тусламжийнхаа хүрээнд мал аж ахуйгаа эрхлэхийн хажуугаар зах зээлээс нэмэлт орлого олох эх үүсвэртэй болоход нь малчдад туслаж байгаа юм. Энэ дэмжлэгийг “Алтан тэвшийн хишиг” малчны бүлэг хүртэж, 4 сая гаруй төгрөгөөр бүтээгдэхүүний вакумжуулсан савлагааны тоног төхөөрөмж авснаар зах зээлээ ийнхүү тэлжээ.
Т. Отгонтуяа