Сүхбаатараас Улаан-Үд, Итгэлт хамбын чиглэлд маршрут гаргаж өгөх хүсэлт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-19 22:37:16

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, удирдлагууд анх удаа чууллаа.

Өнгөрсөн баасан гарагт болсон энэхүү уулзалтыг аймгийн Автотээврийн төвөөс санаачлан анх удаа зохион байгуулжээ. Тус уулзалтанд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 19 аж ахуйн нэгж байгууллагын дарга, удирдлагууд оролцлоо. Тэд 2017 онд хэрхэн ажиллах, нийтийн тээврийн үйлчилгээнд тулгамдсан асуудал юу байгаа, стандартын шаардлагыг хэрхэн биелүүлж ажиллах талаар ярилцсан байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хот хоорондын тээврийг “Зэлтэрийн зам” компани дангаараа хариуцан ажилладаг бөгөөд Улаанбаатар, Сүхбаатар, Сүхбаатар-Хиагтын чиглэлд үйл ажиллагаагаа эрхэлдэг юм. Харин орон нутгийн 17 сум, Сүхбаатар доторхи 8 чиглэлд такси үйлчилгээг “Сэлэнгэ такси”, “Цэнхэрийн булан” компаниуд явуулж байгаа ажээ. Аймгийн Авто тээврийн төвөөс ирэх оны 1-р сарын 1-нээс эхлэн дээрх чиглэлүүдэд үйлчлэх таксинуудаа аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Олон улсын худалдааны төв дээр заримыг нь байршуулан үйлчилгээг нь иргэдэд явуулах бэлтгэл ажлаа хангаад байгаа гэнэ. Эхний ээлжинд хулгайн тээврийн үйлчилгээнээс ялгарах эмблем тэмдэгтэй болгожээ.

Өнөөдрийн байдлаар “Сэлэнгэ такси”, “Цэнхэрийн булан” компаниуд стандартын шаардлагыг хангаж зөвшөөрлөө аваад байгаа ажээ. Мөн уулзалтын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифын асуудлыг хөндлөө. Өнөөдрийн байдлаар Зам тээврийн яамнаас өгсөн жишиг үнэ тарифыг мөрдөж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн тухайд такси үйлчилгээний үнийг орон нутгийн нөхцөлтэй уялдуулан тогтоож өгөх шийдвэр гараагүй аж. Иймээс энэ уулзалтын хүрээнд тодорхой нэг шийдэлд хүрч сумын ИТХ-д өргөн барихаар болжээ. Уулзалтанд оролцож буй удирдлагуудын зүгээс хулгайн тээвэртэй тэмцэх ажлыг шуурхайлах, Сүхбаатар, Улаанбаатарын чиглэлд жижиг машины тендер гаргаж өгөх, Алтанбулагийн боомт 24 цаг болсонтой холбоотойгоор Улаан-Үд, Итгэлт хамбын чиглэлд маршрут гаргаж өгөх хүсэлтүүдийг тавьсан байна. Уулзалтын үеэр Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ”Их баганы зам” ХХК-ийн захирал н.Батмөнхийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр:”Манай компани Сүхбаатар хотоос 12 жолооч, Алтанбулаг сумаас 16 жолооч хоёр талаасаа гарч ажилладаг. Өнөөдрийн уулзалт бидний хувьд анхны уулзалт болж байгаад маш их баяртай байна. Энэ арга хэмжээ маш үр дүнтэй боллоо. Тухайлбал яг ид халтиргаа гулгаа үүссэн үед бидний ажлын аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар Цагдаагийн газраас зөвлөгөө өглөө. Бидний өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санаа оноог маань ч авлаа. Бидний мэддэггүй, нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэхэд олон шаардлага нөхцөл, стандарт байдаг юм байна” хэмээн ярилаа.  

Ч.Отгонцэцэг

 

相关新闻